28/02/2023
Хүүхдийн хайрын хэл - 1 👦🏻👧🏻
Мэдээж бид хүүхдүүддээ хайртай. Харин хүүхдүүд маань хайрлагдаж байгаагаа мэдэрч байгаа болов уу?
Gary Chapman "Хайрын 5 хэл" номондоо хүн болгон хайраа илэрхийлдэг, хүлээж авдаг өөрийн хайрын хэлтэйгээс гадна, хүн бүрт өөрийн хайрын сав байдаг бөгөөд тэр саван дахь хайрнаасаа гадаад ертөнцийн сорилт шалгууруудыг даван гарах эрч хүч, энергээ олж авдаг гэсэн байдаг.
Энэ савыг нь дүүргэхийн тулд хүүхэдтэйгээ өөрийнх нь хайрын хэлээр нь л ярихгүй бол бидний хайр тэдэнд хүрэхгүйгээс гадна хүүхэд болгон маань өөр өөр хайрын хэлтэй байх боломжтой болохоор бүгдтэй нь адилхан харьцаад, бүгд ижил хайрыг мэдэрдэггүй байх нь.
Хайрлагдах нь идэж уух, унтах амрах шиг бидний амин чухал хэрэгцээ болохоор ээж аав, эмээ өвөө маань надад хайртай, би хайрлагдсан гэдэг энэ итгэл хүүхдийн хөгжлийн эерэг суурь нь болж өгдөг.
Хүүхэд цэцэрлэг, сургууль дээрээ найз нөхөд, бусад хүмүүстэй харилцах харилцаан дундаа өөрийнхөө байр суурийг эзлэх гэж, өөрийгөө бусдын дунд олох гэж томчуудаас дутахгүй олон зүйлтэй тулгардаг болохоор тэр болгоныгоо даван гарах хүч, энергээ энэ хайрын савнаасаа авдаг. Сав хоосроод гэртээ орж ирсэн ч хайрыг мэдрээд эргээд дүүрэн савтай гардаг бол тэр ямар ч сорилтыг даваад гарна, харин хоосон савыг нь дүүргэдэг хүнгүй бол бензингүй машин шиг явахгүй байх нь.
Gary Chapman-ы тодорхойлсноор хайрын дараах 5 хэл байдаг:
1. Хайраа үгээр илэрхийлэх
2. Зөвхөн өөрт нь зориулж цаг гаргах
3. Сэтгэлээсээ бэлэг өгөх
4. Туслах, халамжлах
5. Энхрийлэн хүрэлцэх
5 наснаас өмнө хүүхдийн хайрын хэл тодорхойгүй буюу дээрх 5 хэлээр бүгдээр нь хайрыг мэдэрдэг байгаад томрох тусмаа өөрийн 1-2 л хайрын хэлтэй болдог гэдэг. Өөрөөр хэлбэл бусад хэл нь тийм чухал биш болох буюу тэр хэлээр илэрхийлж байгаа хайрыг ойлгодоггүй байх нь.
Тэгэхээр бид өөрийнхөө л хайрын хэлээр юмуу эцэг эхийн хайр ийм л байдаг гэж боддогоороо хайраа илэрхийлээд яваад байвал, хүүхэд маань биднээс өөр хайрын хэлтэй бол бидний энэ үйлдлээс хайрыг маань мэдрэхгүй. Хамгийн энгийн жишээ, олон аав ээж хүүхдэдээ хувцас, хоол, сургуулийг нь бэлдэж өгч байгаагаа хайрлаж байгаа гэж бодоод явж байтал хүүхэд шал өөр зүйл хүлээгээд, гомдоод явж байдаг жишээний.
Хүүхдийнхээ хайрын хэлийг мэдээд түүгээр нь ярьж хайраа мэдрүүлдэг байх нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл гэх мэтэд сайн нөлөөтэйгээс гадна ээнэгшилд ч чухал үүрэгтэй. Энэ нь эргээд ээж аав хүүхдийн хоорондох холбоо харилцааны гол суурь нь болж өгдөг. Дан ганц сэтгэл зүйн эрүүл мэндэд нь ч бус, биеийн эрүүл мэнд, дархлаанд нь ч эерэг нөлөөтэй.
Хайрлагдсанаа мэдэрсэн хүүхэд байнга уйлж, уцаарлаж, эсэргүүцэж, зөрчил үүсгэн байж ээж аавын анхаарлыг татах гэж, би чухал уу, чухал бусуу, хайрлагдсан уу хайрлагдаагүй юу гэдгээ мэдэх гэж оролдох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл эдгээр шинж илрээд байвал хүүхдийн тань хайрын сав хоосроод байгаагийн шинж буюу хүүхэд намайг хайрлаачээ гэж гуйж байгаагийн дохио гэж ойлгож болно.
Хэрвээ та хүүхдийнхээ хайрын хэлийг сайн тодорхойлж мэдэхгүй байгаа бол дараах зүйлийг анзаараарай:
- Юуг их гуйдаг?
- Юун дээр их гомдоллодог?
- Өөрөө хайраа хэрхэн илэрхийлж байна?
(8-аас дээш насны хүүхдүүдийн хайрын хэлийг тодорхойлох тестүүд ч мөн бий.)
Өөрөөр хэлбэл байнга надад юу авсан, гоё бэлэг авчирсан уу гэх мэтээр асуугаад байдаг юмуу өөрийнхөө зурсан зурагаа, гаднаас олсон цэцэг навч, хэн нэгний өгсөн чихэр гэх мэтийг танд авчирч өгөх дуртай бол бэлэг өгөх түүний хайрын хэл.
Харин өөрөө чадах хэрнээ хувцас өмсгөөд өг, гутал тайлаад өг гэх мэтээр гуйдаг бол туслаж, халамжлах түүний хайрын хэл байх магадлалтай.
Эсвэл та намайг тоодоггүй, дүүд л, ахад л анхаарал хандуулдаг гэж гомдоллодог юмуу хамт тоглоё, хамт ингэе гэх мэтээр байнга гуйдаг бол тэр зөвхөн өөрт нь цаг зарцуулж хамтдаа ямар нэг зүйлс хийхэд хайрыг мэдэрдэг.
Байнга тэврүүлэх юмуу тэврэх гэдэг, бидний хэлдэгээр ноололдох дуртай бол энхрийлэн хүрэлцэх түүний хайрын хэл, харин ээждээ аавдаа хайртай шүү, та хамгийн сайн ээж шүү гэх мэтээр таныг магтдаг бол хайраа үгээр илэрхийлэх түүний хайрын хэл байж мэднэ.
Мөн хүүхэд тань та надад "ХЭЗЭЭ Ч” ингэдэгүй, “ДАНДАА” тэгдэг гэж гомдоллож байвал юуг тэгэж тодотгоод байгааг нь анзаараарай, үүгээрээ тэр өөрт нь юу чухал болохыг илэрхийлж байж бас болно.
Хайрын 5 хэл тус бүр дээр хүүхдэдээ хэрхэн хайраа илэрхийлэх, мөн тэр хэлтэй хүүхдүүдэд юуг огт хийж, хэлж болохгүй талаар дараагийн постоор тусад нь оруулая.
#жижигхэнхүмүүс #хайрынхэл