24/04/2023
Сэтгэл зүйчийн тэмдэглэл :
Миний ажлын өрөөнд буурал үстэй, жаран нас дөхөж буй гэлтэй эгч нулимсаа асгаруулсаар, сэтгэлдээ хурсан үг болгоноо илэрхийлж байв. Амнаас гарах үг нь “тань дээр эртхэн ирэхгүй яасан юм бол оо. Энэ зүйл надад хэрэгтэйг би мэдсэн ч тоохгүй мэт л явж байлаа”.
- Би зээ охиноо газ үнэрлэдэг гэдгийг мэдсэн өдөр тэнгэр хомрох шиг л болсон юм. Хамгийн түрүүнд харь оронд суугаа аав ээжид нь би юу гэж хэлэх вэ? гэдэг бодол тархи цохиод авах шиг л болсон. Би аргадаж, уйлж, гуйж үзлээ. Тэр бүрт ойлголоо эмээ, тэгнэ ээ эмээ гэх мэт миний хэлсэн бүрт уриалгахан байхад нь би итгээд л хүлээдэг байлаа. Өдөр бүр зан ааш нь өөрчлөгдөж, үг авахаа больж буйг гадарласан ч хүлээж, буцаад л хүүхэд зангаараа инээгээд засрана гэж найддаг байлаа. Гэтэл тэр өдөр би хот явах хэрэг гараад явчихаад гэртээ ирсэн юм. Хаалга онгойв уу? үгүй юу? Нил газ үнэртээд мансуурчихсан сууж байсан. Би уйлаад юм хэлсэн ч юу ч ойлгохгүй, тэгээд л би арга ядаад шууд тань руу дагуулаад ирсэн юм. Одоо би яах ёстой вэ?, юу хийвэл дээр вэ?.....
Манай улсын ихэнхи үйлчлүүлэгч яг л дээрх жишээгээр ОДОО БИ ЮУ ХИЙХ ВЭ? ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? гэх маягаар шууд зөвлөгөө хүсдэг. Гэвч бодит байдалд ДЭЛХИЙН АЛЬ Ч ОРНЫ СЭТГЭЛ ЗҮЙЧ ХЭЗЭЭ Ч “тэг ингэ” гэж шууд заавар өгөх, зааж өгөх ямар ч боломжгүй. Харин сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг бол ТУХАЙН АСУУДАЛ ЮУ ВЭ? ЮУНААС ҮЙДЭЖ, ИЙМ АСУУДАЛ ҮҮСЭВ? АСУУДЛЫГ АЛЬ ӨНЦГӨӨС ОЙЛГУУЛВАЛ БОЛОМЖТОЙ ВЭ? гэх мэтээр шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийгээд түүнд тулгуурлан асуулт тавин, хариултанд нь гаргалгаа хийж байдаг мэргэжил юм.
Мөн тухайн СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНД үйлчлүүлэгчийн өөрийнх нь ХҮЧИН ЧАРМАЙЛТ, МЭРИЙЛТ, АСУУДЛАА ШИЙДЭХИЙН ТУЛД ХУВЬ ХҮНИЙ ХАРИУЦЛАГА, бас сэтгэл зүйчийн мэргэжлийн ур чадвар маш их нөлөөлдөг.
Үйлчлүүлэгчид маань асуудал тулгарч эхэлсэн үедээ огт хандахыг хүсдэггүй. Харин асуудал хурцдаад, хүндрээд бүүр болохгүй болсон үедээ СЭТГЭЛ ЗҮЙЧИД ханддаг ба урт хугацаааны арга хэмжээ авах нөхцөл болдог. Тиймээс танд асуудал үүсээд, нэг л болж өгөхгүй эсвэл харилцаанд зөрчил үүсэж эхэлсэн бол бага дээр нь мэргэжлийн СЭТГЭЛ ЗҮЙЧИД хандаж байх хэрэгтэй юм.