08/01/2017
Асуулт №4: Өвчин зовиургүй, янз бүрийн шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
Хариулт: Аарцаг ясанд нь сэв суугаагүй хүний мөр, ташаа, өвдөг, хөлийн өсгий сууж ч байсан, зогсож ч байсан тэгшхэн нэг л шугаман дээр байдаг. Харин аарцагны баруун талын гажигтай хүний баруун хөл нь гажсан аарцагны үеэ даган дээш татагдсанаас тэр талын хөл богино мэт харагдана. Доошоо хараад хэвтэхэд баруун сүүжний яс зүүнээсээ үл ялиг дээр харагдана. Мөн баруун мөр зүүнээсээ өндөр болж толгой баруун тийш хазайж, хазганаж явдаг болдог. Зүүн талын гутлын өсгий элэгдэх, баруун гутлын хоншоор халцрах, баруун талын өмдний шуумаг сэмрэх, хөлийн өлмий эвэрших, зүүн хөлөө баруун хөлөн дээрээ ачиж суух, завилахдаа зүүн хөлөө дотор нь хийж суух, голдуу зүүн хажуугаар хэвтэхэд эвтэйхэн амрах гэх мэт шинж тэмдгүүдээр мэдэж болно.
Харин зүүн талын гажилт нь дээрх бүх шинж тэмдгийн эсрэг байна. Өтгөн хатах, биеийн жин нэмэгдэх, хүзүү сэрвээ хөших, хөөрдөг болох, толгой таллаж өвдөх, нүдний ухархайгаар хатгах, унтахдаа сэрвэлзэх, зүүдлэмтгий болох, амархан юмнаас цочдог болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг.