UB Hospital

UB Hospital Амбулаторын үзлэг, шинжилгээ, оношлогоо, эмчилгээ (эхо, дуран, дотор, эмэгтэйчүүд, лаборатори)

23/05/2022
Лимфедема гэж юу вэ? Лимфедема нь лимфийн судсаар хэвийн урсах ёстой  шингэн эд эсийн завсараар хуримтлагдах үед үүсдэг ...
11/05/2022

Лимфедема гэж юу вэ?

Лимфедема нь лимфийн судсаар хэвийн урсах ёстой шингэн эд эсийн завсараар хуримтлагдах үед үүсдэг эмгэг юм. Энэ нь лимфийн судсанд нөлөөлдөг аливаа хорт хавдрын эмчилгээний нийтлэг гаж нөлөө бөгөөд ихэвчлэн туяа эмчилгээ эсвэл мэс засал эмчилгээний үр дүнд үүсэх нь элбэг байдаг. Мөн давсагны хорт хавдар, хөхний хорт хавдар, толгой хүзүүний хорт хавдар, меланома, өндгөвчний хорт хавдар, шодойн хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар болон бусад хорт хавдрын үед тохиолдох нь түгээмэл. Лимфедема нь хаван үүсгэдэг бөгөөд таагүй байдал, өвдөлтийг үүсгэдэг. Энэ нь гар, хөлөнд ихэвчлэн тохиолддог. Гэхдээ хүзүү, нүүр, ам, хэвлий, цавины болон бусад хэсэгт тохиолдож болно. Лимфедема нь арьсны өөрчлөлтөд хүргэж болзошгүй бөгөөд эдгээр арьсны өөрчлөлтүүд таныг 2догч халдвар авах ноцтой үр дүнд хүргэх эрсдэлтэй.

-Лимфедема үүсэх шалтгаан юу вэ?
Лимфийн зангилаа алга болсон эсвэл гэмтсэнээс болж тунгалагийн хаван үүсдэг. Таны лимфийн систем таны бүх биеэр цусны цагаан эс бүхий шингэнийг дамжуулдаг. Эдгээр цагаан эсүүд нь вирус бактер гэх мэт хортой зүйлсийг цуглуулж, буурцаг хэлбэртэй жижиг эрхтэн болох тунгалгийн булчирхай руу зөөж, тунгалагийн булчирхай нь шүүх үүрэг гүйцэтгэдэг нэгдсэн систем юм. Тунгалагийн булчирхайнууд хорт хавдар, мэс засал, туяа эмчилгээ, халдварын улмаас, шүүгдсэн шингэнийг гадагшлуулах болон зөөвөрлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй болох, шингэн гарах урсгал саатсанаас шингэн эд эсэд нэвчдэг.

-Лимфедема хэрхэн оношлогддог вэ?
Хэрэв та гар, хөл, хүзүү болон бусад хэсэгт хавагнах, хүндрэх, өвдөх, арьсны өөрчлөлтийг анзаарсан бол хорт хавдрын тусламж, үйлчилгээний эмч, эмнэлэгийн байгууллагад хандаж үзүүлэх шаардлагатай. Таны Эмч тэр хэсгийг хараад л танд тунгалагийн хаван үүссэнийг хэлж болохоос гадна нэмэлт үзлэгээр илрүүлнэ. Жишээлбэл,гар хөл болон хаван байх боломжтой хэсгүүдийг хэмжиж харьцуулалт хийснээр баттай мэдэгдэнэ.

-Лимфедемийг хэрхэн эмчилдэг вэ?
Лимфедема өвчнийг лимфедемийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, болон хавдар болон бусад нарийн мэргэжлийн эмч нар эмчилдэг. Лимфедема үүссэн тохиолдолд нөхөн сэргээх болон уламжлалт физик эмчилгээ, хэсэг газрын мэс засал эмчилгээ, эмэн эмчилгээ шаардлагатай. Чухам ямар эмчилгээний аргыг хэрэглэхийг нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр шийддэг. Ихэвчлэн тусгай орон дээр хөдөлгөөн засалчийн тусламжтай массажлах, шингэний урсгалыг чөлөөлөхөд туслаж физик эмчилгээний аппаратаар гаднаас доргиох, массажлах, шарах, тунгалагийн урсгалыг дэмжих дасгал хөдөлгөөн хийх, зориулалтын агаар нэвтрүүлдэг бээлий, хувцас, хэрэглэл өмсөх, хавантай хэсгийг дээш өргөх зэрэг олон арга бий.
Хэрэв та лимфедематай бол эмчид хандан зөвлөгөө авахаас гадна дараах зүйлсээс зайлсхийх хэрэгтэй:
• Нарны хэт ягаан туяанаас зайлсхийх ,нарны тос түрхэх
• Хэт бариу болон агаар нэвтэрдэггүй хувцас өмсөхгүй байх
• Хүнд юм өргөх,удаан зогсох хүнд дасгал хөдөлгөөн хийх зэргээс татгалзах
• Хавантай хэсгийг үрэх,маажих,нухах,зүсэх үйлдэл хийж болохгүй
• Чанга боох болон элдэв түрхлэг тариур хэрэглэж болохгүй
• Хэт өндөр температурын үйлчлэлээс зайлсхийх
• Хэт их жин нэмэхээс сэргийлэх

2022.05.01-с ЭМ-н даатгалаар хийгдэх Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо...
23/04/2022

2022.05.01-с ЭМ-н даатгалаар хийгдэх Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж бна.
Даатгуулагч та ЭМ-н даатгалын шимтгэлээ бүрэн төлж, эрт илрүүлэгтээ хамрагдаарай!

Жич: Лавлагаа шат гэдэг нь нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг юм. Аймагт Нэгдсэн эмнэлэг, БОЭТ. Хотод дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг. Мөн зарим хувийн хэвшлийн эмнэлгүүд орно.

20/04/2022

Н.Бира: Элэгний өвчний үед хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг нь ядарч, сульдах.

ЭМЯ-наас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвmрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тус нэвтрүүлгээр “Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Бира дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.

-Элэгний бүтэц, онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Элэг гэдэг бол бие организмын хамгийн чухал эрхтэн. Идэж буй бүх хоол хүнсний шим тэжээлийг задлах, боловсруулах, шимт бодисыг нь өөртөө хэрэгцээ болгох, бие организын бүхий л үйл ажиллагаанд оролцох эс бүрийг дэмжих чухал үүргийг гүйцэтгэдэг. 20 гарй үүрэг гүйцэтгэдэг энэ эрхтнийг бие организмын лаборатори гэж үздэг.
Элэг нь баруун хавирганы нуман доор, өрцний доор байрладаг бөгөөд зүүн, баруун дэлбэнгээс бүрддэг. 1200-1400 гр жинтэй ч асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцох, цөс, цөсний хүчил, давс, нөсөөний шүүрлийн үйл ажиллагаанд оролцох, билирүбин, эм, хорт бодис ялгаруулах, альбуми, цус бүлэгнэлтийн хүчин зүйлс нийлэгжүүлэх, витамин, нүүрс ус нөөцлөх, биеийг хоргүйжүүлэх зэрэг амин чухал үүргүүдийг гүйцэтгэнэ.
Үндсэн гурван шим тэжээлийн бодисын солилцоонд оролцдог үүргийн талаарх мэдээллийг хүргэе. Бодисын солилцоонд оролцож буй амин чухал үүргүүдийн нэг нь уураг, илчлэгийн солилцоо юм. Хэрэв уургийн дутагдалтай байвал тухайн хүн тэжээлийн, ялангуяа уураг, илчлэгийн дутагдалд орно. Ингэснээр тураалд ордог. Элэг тайван байх үедээ илчлэг бодисын солилцооны 19 хувийг хэрэглэдэг. Харин элэгний архаг өвчлөлтэй болвол уураг илчлэгийн дутагдал 34-82 хувийг эзэлдэг. Энэ их тэжээлийн дутагдлын улмаас жин буурдаг, дархлаа эрс суларч, хоёрдогчоор халдвар авах эрсдэл үүснэ.

Дараагийн чухал үүрэг нь өөх, тосны солилцоонд оролцох. Элэг нь цөс ялгаруулж, өөх тосыг боловсруулж, тосонд уусдаг A, E, D, K амин дэмийн шимэгдэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв элэг цөс ялгаруулж чадахгүй бол өөх тосны солилцоонд асуудал үүснэ.

Цусан дахь холестеролын түвшин хурдан буурах нь элэгний эсийн тэжээлийн хурц дутагдал, өвчний муу тавиланг илтгэдэг. Элэгний эмгэгийн үед А, Д амин дэмийн дутагдал 40 хувь, B бүлгийн амин дэмийнх 8-10 хувь, фолатынх 17 хувь тохиолддог.

Нүүрс усны солилцоонд дараах байдлаар оролцоно. Хооллолт хангалттай хүмүүст элгэнд 10 хувь, булчинд 2 хувь глюкагон агуулагдана. Харин элэгэний эмгэгийн үед гликогенээс глюкоза үүсэлт буурч, глюконеогенез эрчимжиж, глюкозын захын хэрэглээ буурна. Ингэснээр хоёрдогчоор чихрийн шижингийн асуудал үүсдэг. Элэгний эдэд глюкагон багассаны улмаас элэгний үйл ажиллагаа алдагдаж, өөх тос хуримтлагдан элэг өөхжинө.

-Ийм олон үүргийг гүйцэтгэдэг амин чухал эрхтний өвчлөх гол шалтгаанууд нь юу байдаг вэ?

-Улс орон, үндэстэн бүрд өөр өөрийн гэсэн онцлог шалтгаан байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол Улсад тохиолдож байгаа элэгний өвчлөлийн үндсэн шалтгаан нь вирусын халдвар. Гепатит A, B, C, D, сүүлийн үед усаар гол голдуу дамжиж байгаа Е вирусын асуудал байна. 10-аад жилийн өмнө А вирусын асуудал хурцаар тавигддаг байлаа. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд тохиолдож байсан бохир гараар дамждаг гэх уг халдвар вакцинжуулалтын нөлөөгөөр хумигдаад байна. Харин одоо муу усаар дамждаг, ялангуяа жирэмсэн үед халдварладаг Е вирусын асуудал байгаа. Энэ нь мөн л эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой.

Гепатит B, C вирусын хамгийн гол дамжих зам нь цус. Олон дахин цусны шинжилгээ өгөх, шивээс хийлгүүлэх, залуучуудын дундах буруу зуршлуудын улмаас цусаар дамжина. Эмнэлгээр дамжих халдваруудыг бууруулах, цусны аюулгүй байдлыг хангах тал дээр дорвитой арга хэмжээ авснаар сүүлийн жилүүдэд эмнэлгийн байгууллагаас цусаар дамжих халдвар эрс буурсан. Судалгаагаар өнөө үед ахуйн шалтгаант халдвар дамжих нь элбэг байгааг тогтоогоод байна.

Өнөөгийн нөхцөл байдалд коронавирусын халдвар нь элгийг гэмтээх бас нэгэн шалтгаан болоод байна.

Манай улсын хүн амын дунд эмийн замбараагүй хэрэглээ маш их. Ингэж замбараагүй хэрэглэдэг улс дэлхийд ховор. Ялангуяа парацетамол, цетрамон, изонаизид, антибиотик зэрэг нь эмийн шалтгаант элэгний өвчлөлийг үүсгэдэг. Эмийг задалж байгаа гол эрхтэн нь элэг. Ямар үндэстэн байхаас шалтгаалаад эмийг задлах чадвар нь өөр өөр байна. Энэ талаарх судалгааны үндсэн дээр монгол хүн эмийг бага тунгаар уух хэрэгтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс эмийн хэрэглээний тал дээр маш зохистой бодлого баримтлах нь чухал. Иргэд маань энэ талаарх эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, эмийн чанарыг ч анхаарч үзэх хэрэгтэй байна.

Мөн архийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдоллд элэг үүнийг задалж чадахгүй. Архи нь элгийг шууд гэмтээдэг. Ийм учраас элэгний эсийг гэмтээдэг хортой бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр бий болно. Ялангуяа, элэгний өөхжилт үүсгэх процессыг түргэсгэдэг. Цаашлаад элэгний сорвижилт, цирроз үүсгэх эрсдэлтэй. Архины хэрэглээ нь зөвхөн элэг гэлтгүй нойр булчирхайг гэмтээдэг гол шалтгаан.

Таргалалт, бодисын солилцооны хам шинж, зүрх судасны архаг эмгэгтэй тохиолдолд элэг гэмтэж, элгэнд өөхжилт үүснэ. Элгэнд өөхжилт үүсэх нь хоёр үндсэн шалтгаантай. Тодруулбал, архины болон архины бус шалтгаан буюу таргалалт, бусад эмгэг.

Элэгний өөхлөлт нь үе шаттай явагдана. Эхний шатанд элэгний эд өөхөн эдээр солигдож, бодисын солилцооны хямралын байдлаар явагдах бөгөөд энэ үед ямар нэгэн зовиур илрэхгүй. Зөвхөн шинжилгээгээр илэрнэ. Дүрс оношилгооны шинжилгээгээр элэг цайрсан, хэмжээгээр томорсон, өөхлөлттэй гэж гарсан бол заавал нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай. Тодруулбал, элэгний үйл ажиллагааг шалгадаг биохимийн шинжилгээ. Энэ шинжилгээгээр өөрчлөлттэй гарах юм бол элэгний өөхжилтөөс болоод элэгний эс үрэвсэж байна гэсэн үг. Үрэвсэл явагдаж буй тохиолдолд дээр дурьдсан олон үйл ажиллагаа алдагдаж, хямрал явагдана. Цаашлаад элэгний сорвижил, цирроз, хавдар үүсэх эрсдэлтэй.

– Элэгний ямар төрлийн өвчлөл зонхилон тохиолдож байна вэ?

-Манай улсад вирусын шалтгаант архаг өвчлөлүүд түгээмэл. Вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэл, элэгний цирроз, хавдрын асуудал тулгамдсан асуудал болоод байна. А, Е вирусын халдвар нь цочмог үрэвсэл үүсгэдэг бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрч, эмнэлгийн тусламж авч байгаа тохиолдолд бараг архагшихгүй. Хамгийн ихээр архагшдаг нь B, C вирус.

Мөн архины ба архины бус шалтгаант элэг өөхжилт, эмийн шалтгаант элэгний үрэвсэл, цөсний замын зогсонгишлын шалтгаант элэгний үрэвсэл түгээмэл тохиолдож байна.

-Вирусын шалтгаант өвчлөл өндөр байна. Нэгэнт өвчилсөн тохиолдолд өвчнөө хүндрүүлэхгүй, даамжруулахгүй байх тал дээр юуг анхаарах вэ?

-Монгол улс элэгний хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх байрыг эзэлж байна. Тиймээс элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр иргэдийг хангах нь чухал. 1991 оноос хэрэгжиж эхэлсэн B вирусын эсрэг вакцинжуулалтын үр дүн халдварыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн. Гепатит А вирусын эсрэг вакциныг хийж эхэлснээс хойш хүүхдүүдийн дундах халдварын тохиолдол эрс буурсан. Харин C вирусын эсрэг вакцинжуулалт байхгүй. Хувь хүний эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн байгууллагын ариутгал халдваргүйжүүлэлт сайн шийдэгдсэн тохиолдолд халдвар буурна.

-Элэгний B вурус хэрхэн дамждаг, түүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах ёстой вэ?

-Хөгжиж байгаа орнуудад уг халдвар нь эхээс урагт дамжих тухай асуудал ихээхэн яригддаг. Манай оронд ч мөн адил саяхныг хүртэл энэ асуудал яригдаж байлаа. Харин ЭМЯ болон бусад холбогдох байгууллагуудаас нэлээд дорвитой арга хэмжээ авч, хэд хэдэн удирдамжуудыг гаргаснаар өвчлөл буурсан. Уг вирусын эсрэг вакцин болон иммуноглобулин гэх тариа хийдэг болсон. Энэ нь бүх төрөх эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа. Товлолын вакцинд хамрагдаагүй бол өвчлөх эрсдэл илүү өндөр.

Гепатит С вирус нь цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, шивээс хийлгэх, зүү тариур сольж хэрэглэх ажилбаруудаар дамждаг. Найдваргүй гоо сайхны газар, мэргэжилтэн, ариутгаагүй багажаар шивээс хийлгэх, чих цоолуулах асуудал нэлээд өндөр эсдэлтэй болох нь статистик тоо баримтаар батлагдсан. Харин хүн амын дунд судалгаа хийж, асуумж авахад ажиглагдсан зүйл нь нэг гэр бүлийн гишүүд дундаа нэг хумсны хутгатай байх, сахлын хутгыг хувааж хэрэглэх тохиолдол байна. Энэ буруу. Ариутгаагүй багажаар халдвар дамжих эрсдэлтэй учраас гоо сайхны газраар үйлчлүүлэхдээ ч тэр ариутгалын асуудлыг сайтар анхаараарай.

-Элэг “дүлий” эрхтэн гэдэг. Өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Элэг нь мэдрэлийн төгсгөлгүй эрхтэн. Тиймээс өвдөлт илэрдэггүй. Харин өвчний маш хожуу шатанд, элэгний эсийн үхжил болсон, идээт хуримтлал үүссэн тохиолдолд л өвдөлт өгдөг. Ийм учраас л өвчилснөө мэдэлгүй хүндрүүлдэг байх нь.

Элэгний өвчний үед хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг нь ядарч, сульдах. Амьдралын чухал хэрэгцээт шим тэжээлийн зургаан бодис боловсрохгүй, ялгарахгүй, синтезлэгдэхгүй, хүний бие организмд хэрэгцээ болж гарч чадахгүй байгаа учраас аажим аажмаар ядраад, бие сулраад байгаа юм. Хүмүүс “Ядраад байна. Витамин ууя, хэрэглэе, би ядаргаанд орчихсон байна” гээд байдаг. Шаардлагатай шимт бодис дутагдсаны улмаас хүн ядардаг. Ядрах, бие сулрах, ажлын бүтээмж буурах, нойр хүрэх зэрэг шинж илрэхээр мэдрэлийн ядаргаа гэж ойлгоод витамин л тариулчихая гээд өөрийгөө оношлоод байна. Гэтэл яг ийм шинж тэмдэг илрээд байвал элгээ шинжлүүлэх хэрэгтэй. B, C вирус байх вий, элэг өвчилсөн байх вий гэж бодох ёстой. Үүн дээр анхаарлаа хандуулах нь зөв.

Дараагийн илрэх гол шинж тэмдэг нь биж хам шинж буюу хоол шингэхгүй болох, цанхайх, дотор муухай оргих, бөөлжис цутгах, гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах зэрэг хоол боловсролттой холбоотой зовиурууд юм. Эрүүл хүнд ийм зовиурууд илрэхгүй. Энэ тохиолдолд мөн л элэгний асуудлыг бодох хэрэгтэй.

Өвдөлт нэлээд хожуу шатанд илэрдэг гэлээ. Гэхдээ элэг томорч, капсул нь суначихсан толхиолдолд өвдөлт өгөх нь бий. Тиймээс баруун хавирганы нуман доор өвдөөд байгаа тохиолдолд элгээ шалгуулах хэрэгтэй. Баруун хавирганы нум дор маш олон эрхтэн байрладаг. Өвдөлт нь нойр булчирхай, цөс, элэг, ходоодны гарах хэсгээс шалтгаалж байгаа эсэхийг хүн өөрөө ялгаж, мэдэх боломжгүй учраас заавал эмчид хандаарай.

Арьс салст шарласанг анзаарсан тохиолдолд тэр даруй эмчид хандах шаардлагатай шүү. Шарлалт гэдэг бол элэгний өвчлөл нэлээд гүнзгийрсэнг илтгэнэ.

Буйл, хамраас цус гарах, сарын тэмдэг удаан хугацаагаар үргэлжлэх, арьсан дээр цусархаг тууралт гарах шинж тэмдгийг хүмүүс төдийлөн анхаардаггүй шүү. Үүнийг анзааралгүй орхиж болохгүй.

Зарим тохиолдолд эмчид хандаад л элэгний цирроз буюу хатуурал оношлогдож байна. Ялангуяа эхчүүд, төрөх насны залуу эмэгтэйчүүд, төрөх гэж байгаа эх эмчид хандаад цирроз оношлогдож байгаа тохиолдол байна шүү дээ. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгт орохгүй байгааг илтгэж байна. Жилдээ нэг удаа хийгддэг хэвлийн эхо оношилгоог хийлгэхгүй байна. Эмнэлзүйн шинж тэмдэг тодорхой хэмжээнд мэдэгддэг. Тиймээс шалтгаангүйгээр турах, арьсны нөсөөжилт ихсэж, харлах, арьсан дээр тууралт гараад байгаа эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй.

Арьс салст шарлах, арьсан дээр одлог тууралт гарах, хэл яв ягаан болох, хэвлийн урд судасны хана өргөсөж харагдах, арьсан дор цус харвах, гарын алга улайх зэрэг шинж илэрвэл эмнэлэгт хандахгүй байж болохгүй.

Элэгний өвчний үед эрэгтэйчүүдэд хөх томрох, өвдөх шинж илэрнэ. Ялангуяа элэг идэвхтэй үрэвссэн, цирроз болсон тохиолдолд энэ шинж тэмдэг ажиглагдана.

Хамгийн гол нь элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх л хэрэгтэй. Өвдөх л юм бол дараа дараагийн шатанд цирроз болох, циррозын хүндрэлүүд үүсэх, цаашлаад хавдар үүсэх эрсдэлтэй.

-Шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд хамгийн түрүүнд хаана хандаж, ямар шинжилгээг өгөх хэрэгтэй вэ?

-Өрхийн эмчдээ хамгийн түрүүнд хандана. Эрсдэлт хүчин зүйл болох илэрч буй зовиурууд, удамшлын мэдээлэлд эмч хяналт тавина. Ингээд хамгийн түрүүнд гепатит B, C вирусын шинжилгээг хийнэ. В вирус илэрсэн тохиолдолд дельта буюу Д вирусыг илрүүлэх шинжилгээг заавал хийлгэнэ. В вирусээр өвчилсөн тохиолдолд Д вирусээр өвчилдөг.

Дараа нь биохимийн, цус бүлэгнэлтийн, цусны дэлгэрэнгүй, хэвлийн эхо шинжилгээ хийнэ. Хэвлийн эхогоор элэгний өвчлөлийн баримжааг маш төгс хэлж өгдөг.

Элэгний хавдрын маркерын шинжилгээг хийлгэхэд нас заасан байдаг. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр дархлааны шинжилгээ, хүндрэлийг илрүүлэх зорилгоор улаан хоолой, ходоодны дуран, хэвлийн КТ, элэгний эдийн шинжилгээг авдаг.

-Элгээ өвчлүүлэхгүй байхын тулд юуг анхаарах вэ?

-Хүн ер нь зөв л амьдрах хэрэгтэй. Цөсний үйл ажиллагаатай холбоотой энэ эрхтний үйл ажиллагаа хүний сэтгэлзүй, амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнснээс маш их шалтгаалдаг. Хувь хүнээс шалтгаалах урьдчилан сэргийлэх гол алхам бол бага наснаасаа эхлэн зөв хэвшлийг бий болгох. Дархлаа сайн байхад өвчлөхгүй гэдгийг сайтар ойлгож авах нь чухал. Эмийг эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна. Мөн цөсний эмгэг, таргалалт, бодисын солилцооны эмгэгээс сэргийлээрэй.

ХОДООД ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ 7 ЗӨВЛӨМЖХоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд нь насжилтын чанарт ихээх...
17/04/2022

ХОДООД ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ 7 ЗӨВЛӨМЖ

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд нь насжилтын чанарт ихээхэн нөлөөлдөг. Монгол Улсын хэмжээнд амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх 2 дугаар шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд юм. Хоол боловсруулах тогтолцооны эрүүл байдал нь хувь хүний амьдралын хэмнэл, хооллолт, эрүүл ахуй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэхүү нийтлэлээрээ бид хоол боловсруулах тогтолцооны эрүүл мэндийг хэрхэн урт хугацаанд хадгалах талаар энгийн 7 зөвлөмжийг танд хүргэж байна.

Тэнцвэртэй хооллолт

Биед шаардлагатай витамин, эрдэс бодисыг агуулсан хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал юм. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Тэр дундаа хоол зүйчид навчит ногоог түүхийгээр нь хэрэглэхийг зөвлөдөг. Зарим хүнсний бүтээгдэхүүн нь хэт өндөр хэмд боловсруулагдах үед өөрт агуулах шим тэжээлээ алдах магадлалтай тул чухам хэрхэн бэлтгэн хэрэглэх талаар ч мөн мэдлэгтэй байх нь зүйтэй. Тэнцвэртэй хооллоход тань тус болох энгийн зөвлөмжүүд:
* Тогтмол цагт хооллох
* Хэт их тостой, шарсан хуурсан хоол хүнснээс татгалзах
* Өөрийн хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээлийг тооцоолох
* Хэт их идэх болон өлсөхөөс зайлсхийх

Ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах.

Бэлэн боловсруулсан болон түргэн хоол зэрэг нь их хэмжээний өөх тос агуулдаг учраас хоол боловсруулах явцыг удаашруулдаг. Түүнчлэн эдгээр нь их хэмжээний сахар агуулдаг тул гэдэсний ашигтай бактерийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг байна. Дараах хүнсний бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах магадлалтай байдаг:
* Сүү, сүүн бүтээгдэхүүн
* Глютен (ургамлын уураг) агуулсан хүнс . Тухайлбал, улаан буудай, хөх тариа, арвай, овьёос гэх мэтчилэн
* Хийжүүлсэн ундаа
* Чихэрлэг хүнс
* Кофе
* Согтууруулах ундаа.

Шингэн сайн хэрэглэх.

Өдөрт хэрэглэх шингэний хэмжээ тухайн хүний нас, биеийн жин, амьдралын хэв маяг зэргээс шалтгаална. Мэргэжилтнүүд насанд хүрэгчдэд өөрийн жингийн 1 кг тутамд 35 мл ус шаардлагатай гэж үзэж шингэн хэрэглэхийг зөвлөж байна. Тухайлбал, 50 кг биеийн жинтэй хүн өдөрт 1.7 л, 60 кг жинтэй бол 2.1 л, 80 кг жинтэй бол 2.8 л гэх мэтчилэн тооцож хэрэглэх аж. Яагаад өдөрт хэрэглэх шингэний хэмжээ чухал вэ? Учир нь хэт их шингэн хэрэглэх нь шингэний дутагдалтай ижил сөрөг нөлөө биед үзүүлэх эрсдэлтэй. Дээр дурдагдсан хэмжээ нь таны зүрх, бөөр зэрэг эрхтний ачааллыг тооцоолон гаргасан тул шингэнийг тэнцвэртэй байдлаар хэрэглэхэд тань тус болох болов уу.

Ашигтай бактери хэрэглэх.

Пробиотик буюу ашигтай бактери нь ходоод гэдэсний бактерийн тэнцвэртэй байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь хоол боловсруулалт болон дархлааг дэмжиж, өвчин үүсгэгч бактериудыг устгахад, антибиотикийн хорыг гадагшлуулах зэрэгт тустай байдаг байна. Тэр дундаа ходоодны архаг өвчлөл үүсгэгч хеликобактерийг устгахад эерэг нөлөө үзүүлдэг аж. Дараах хүнс нь пробиотик агуулна:
* Мисо шөл
* Тараг
* Даршилсан байцаа ба өргөст хэмх
* Моцарелла, чеддер, гауда зэрэг бяслагууд.

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх.

Дасгал хөдөлгөөн нь бодисын солилцоог сайжруулж, түүнчлэн эндорфин дааврыг (аз жаргалын даавар) ялгаралтыг дэмжиж, гэдэсний дүүрэнгийг багасгаж, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Та өдөр тутамдаа дор хаяж 10 минут дасгал хөдөлгөөн хийж, 30 минут орчим алхаж хэвшүүлээрэй. Энэ нь зөвхөн сэтгэл санааны өөдрөг байдлыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эд эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна олон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх юм.

Сэтгэл санааны тогтвортой байдал.

Мэдээж сэтгэл санааны тайван байдал нь зөвхөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайн бус биеийн ерөнхий эрүүл мэндэд асар их эерэг нөлөөг үзүүлдэг. Стрессийн улмаас хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал үүсэж буйг дараах шинж тэмдгүүд илтгэнэ:
* Хэвлий орчим тогтмол өвдөх
* Цээж хорсох
* Маш хурдан цадах
* Дотор муухай оргих
* Гүйлгэх
* Гэдэс дүүрэх
Эдгээр шинж тэмдгүүд нь үргэлжлэлтэй хугацаанд ажиглагдсан тохиолдолд цаашлаад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй байна. Иймд, та хооллохынхоо өмнө хоёроос гурван удаа гүнзгий амьсгал авч, шөнө бүтэн нойр авч байхыг зөвлөж байна.

Амны хөндийн эрүүл ахуйг хангах.

Хоол боловсруулах тогтолцоо нь ам, улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэс, хошногын нүхнээс тогтох урт үргэлжлэх эрхтэн тогтолцоо юм. Хоол боловсруулалт амны хөндийгөөс эхлэх тул эрүүл ахуйн асуудал нь хоол боловсруулах бусад эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд, өглөө оройдоо тогтмол шүдээ угааж, хоол хүнс хэрэглэсний дараагаар шүдний утас, ам зайлагч хэрэглэх, шүдний үзлэгт тогтмол хамрагдаж хэвших зэрэг нь чухал. Амны хөндийн арчилгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг да энд дарж унших боломжтой
PS: Энэхүү нийтлэл нь нийтлэг илрэх шинж тэмдгүүд дээр тулгуурлан зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай үйлчилгээг авахыг зөвлөж байна.

ХИМИЙН  ЭМЧИЛГЭЭ БА ХООЛЛОЛТХимийн эм тариа хурдан төлждөг эсүүдэд эхэлж үйлчилдэг.Тэр тусмаа хэлний амтлагч хөхлөгүүд г...
24/02/2022

ХИМИЙН ЭМЧИЛГЭЭ БА ХООЛЛОЛТ
Химийн эм тариа хурдан төлждөг эсүүдэд эхэлж үйлчилдэг.Тэр тусмаа хэлний амтлагч хөхлөгүүд гэмтэх нь их байдаг учраас амтлах мэдрэмж өөрчлөгддөг бөгөөд эмчилгээний дараа яваандаа хөхлөгүүд эргэн сэргэхтэй зэрэгцэн амтлах чадвар ч сэргэдэг.
Заримдаа ус уусан ч төмөр амтагдаад байна гэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дараахи аргыг хэрэглээрэй
1. Төмөр амтагдаад байвал идэх гэж байгаа зүйлдээ бага зэрэг чихэрлэг амт-агч модны сироп (maple sirup) цөцгийн тос, самрын тос нэмэх
2. Хэт чихэрлэг санагдвал хүчиллэг амт нэмэх, эхлээд 6 дусал нимбэгний шүүс хийж хутгаад амталж үзээд чихэрлэг амт нь дарагдах хүртэл дусал дуслаар нэмэх
3. Хэт шорвог санагдвал цайны халбаганы ¼ нимбэгний шүүс нэмэх
4. Хэт гашуун амтагдвал чихэрлэг амт- агч модны сироп нэмэх
5. Огт амтгүй санагдвал өөрийн амталгаагаар давс нэмэх хэдэн дусал нимбэгний шүүс нэмж болно.
Хоолонд хамгийн нийтлэг хэрэглэдэг 4 төрлийн амтлагч болох тос,давс, чихэр, исгэлэн амт үүсгэгчийг хэрэглэхдээ аль болох хүний биед ашигтай бүтээгдэхүүнийг сонгоорой.
Тос-оливын тос,шар тос,цөцгийн тос
Давс –далайн давс эсвэл жамц давс. Бор давс 70 гаруй төрлийн эрдэс агуулдаг учир цагаан давснаас илүү тустай.
Чихэр-Агч модны сироп найрлагандаа байгалийн чихэр, мангани,цайр, кальци, магнези зэрэг биед хэрэгтэй нэгдэл агуулдаг.
Исгэлэн-Нимбэгний шүүс С аминдэмтэй,цус багадалтаас сэргийлэх,хоол боловсруулалтыг дэмждэг ашигтай.
(Эх сурвалж: Г.Навчаа, Я.Ариунболор,
Л.Үлэмж- Хавдрын эмчилгээний үеийн хоол хүнс 2019 )

Address

БЗД, 13-р хороолол, Даймонд оффисын 3 давхарт
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 14:00
Saturday 10:00 - 13:00

Telephone

+97670156938

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UB Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category