30/03/2026
👩⚕️👨⚕️ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ... 𝟐𝟎𝟐𝟔.𝟎𝟑.𝟑𝟎.✍
Эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсож буй эгэл баатрууд—цагаан нөмрөгтнүүд та бүхэндээ Эмч нарын эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!"
Завхан аймгийн Тамгын Газар, ЭМГ, НЭ-ийн хамтран зохион байгуулсан соён гэгээрлийн үйл ажиллагаанд уригдан 800 хүний суудалтай ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРТ “Эмч мэргэжлийн үнэ цэн, бахархал” сэдвээр 40 минутын лекцийг эмч, сувилагч, мэргэжилтэн, ажилтанд толилууллаа.
✅Товч лекцээс.....Энэрэн асрахуйн өрөвч сэтгэлийг өөртөө цогцлоож, бусдад туслах ариун хүсэлдээ хөтлөгдсөн эмч хүнд энэхүү мэргэжил нь өөрөө эрдэнэт хүний амь насыг аврах хүч чадал, сэтгэлийн асар их тэнхээ, сэтгэлийн хатыг тасралтгүй хайрласаар байдаг билээ. Өнөөдөр нийгэм маань эмчээс “Бурхан” шиг алдаагүй байхыг шаарддаг ч, эмч бол мах цуснаас бүрдсэн, ядардаг, өвддөг, бас эмзэглэдэг “Хүн” гэдгийг заримдаа мартчихдаг шиг санагддаг.
✅Цахим орчинд ганцхан хоромд өрнөх шүүмжлэл, ганцхан алдааны төлөөх дайралт нь эмч хүний насаараа хийсэн мянга мянган сайн үйлсийг үгүйсгэх мэт тийм эмзэг цаг үед бид ажиллаж байна. Магадгүй та бүхний сэтгэлд цалин хөлс, ажлын ачаалал, нийгмийн хандлагаас болоод 'Би ер нь яах гэж энэ мэргэжлийг сонголоо доо?' гэх эргэлзээ, цөхрөл төрөх үе бишгүй олон байсан байх.
✅Гэхдээ тэрхүү эргэлзээг тань хүүхэд байхаасаа л тээсэн “эмч болох” чин хүсэл тань ялан дийлж, өнөөдөр ч та бүхэн өвдөж шаналсан олон хүний итгэл найдвар болж, эрдэнэт хүний амийг нь аварч, хамгаалсаар байна.
✅Шүүмжлэл бол түр зуурынх, харин таны аварсан хүний амь нас, тэр айлын аз жаргал бол үүрдийнх юм. Таны чин сэтгэл энэ бүх сорилтыг даван туулах хамгийн том дархлаа билээ. Бусад мэргэжлүүд хүний амьдралыг “илүү тав тухтай” болгоход чиглэгддэг бол эмч хүн амьдралыг өөрийг нь хамгаалдаг. Хүний хамгийн нандин, ганцхан олдох “алтан амь” эмчийн гарт, эмчийн мэдлэг, эмчийн шийдвэр дээр тогтож байдаг гэдэг бол энэ ертөнцийн хамгийн дээд бахархал, хамгийн хүндтэй хувь тавилан юм.
✅Бид эрхээ хамгаалахын тулд эв нэгдэлтэй байх ёстой. Нэг нэгнийхээ алдааг олон нийтийн өмнө шүүх биш, мэргэжлийн хүрээндээ ярилцаж, бие биеэ хамгаалдаг, өмгөөлдөг байж л бид хүчтэй болно. "Манай улсын эрүүл мэндийн салбарт өрнөж буй сорилтууд зөвхөн бидэнд тохиолдож буй хэрэг биш ээ. Дэлхий нийтийн анагаах ухааны чиг хандлага өөрчлөгдөж, эмч хүнээс зөвхөн оношлох, эмчлэхээс гадна нийгмийн болон ёс зүйн олон талт чадваруудыг шаардах болсон юм. Үүнийг Канадын Анагаахын боловсрол судлаачдын боловсруулсан, дэлхий нийтээр мөрдөж буй CanMEDS буюу “Төгс эмчийн 7 дүрт үүрэг” стандартын хүрээнд та бүхэндээ товчхон хуваалцъя.
1⃣ Нэгд. Мэргэжсэн эмч байх: Энэ бол эмчийн суурь үүрэг юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, мэргэжлийн хандлагыг цогцоор нь эзэмшиж, өвчтөнд хамгийн аюулгүй, оновчтой тусламжийг үзүүлэх чадамжийг хэлдэг. Хүний биед хүндэтгэлтэй хандаж, өвчтөндөө анхааралтай, нямбай үзлэгийг бүхэлд нь хийж, тэдний нууцыг хадгалах үүргийг оюутан болсон цагаас эрдэмтэн багш нараасаа суралцаж, дадуулж туршлагажсаар яваа билээ эмч нар маань!
2⃣Хоёрт. Харилцагч байх: Эмч хүн бол өвчтөн болон түүний ар гэрийнхэнтэй ойлголцож, итгэлцлийг бий болгодог. Харилцах чадвараа сайжруулж чадсанаар өвчтөнийг анхааралтай сонсож, онош болон эмчилгээг энгийн үгээр тайлбарлаж, бусдын зовлонг зүрх сэтгэлээрээ мэдрэх (эмпати) нь эм тарианаас дутуугүй анагаах хүчтэй болдог. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн өвчтөнтэй хамгийн түрүүнд нүүр тулан уулзаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн бол СУВИЛАГЧ нар байдаг. Тэд эмчийн ажлыг үнэ цэнтэй болгож, эмчид итгэх өвчтний итгэлийг бүрдүүлж, эмч, өвчтний хооронд эерэг харилцааг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Иймээс сувилагч нараа ойлгон хүндэтгэж, Эрүүл амьдрах ухаан буюу Сувилахуйн шинжлэх ухааны мөн чанараас суралцаж, сувилагч нартаа итгэл хүлээлгэж, тэднийг өсөн дэвжиж, хөгжихөд бүх талаар дэмжих хэрэгцээ, шаардлага үүсээд байна аа ЭМЧ нар минь.
3⃣Гуравт. Хамтрагч байх: Орчин үеийн анагаах ухаан бол “багийн спорт”. Эмч хүн сувилагч, эм зүйч, лаборант, нийгмийн ажилтан гээд бүхий л мэргэжилтнүүдтэйгээ нэгэн зорилгын төлөө үр дүнтэй хамтран ажиллаж, бие биеэ хүндэтгэх соёлыг түүчээлэгч байх ёстой.
4⃣Дөрөвт. Санаачлагч, зохион байгуулагч байх: Өдөр тутмын ажилдаа санаачилга гаргаж, нөөц бололцоо буюу цаг хугацаа, санхүү, тоног төхөөрөмжийг хамгийн зөвөөр хуваарилж, үр ашигтай ажиллах менежер байхыг цаг үе биднээс шаардаж байна.
5⃣Тавд. "Эрүүл мэндийн өмгөөлөгч" байх: Эмч зөвхөн эмнэлэг дотор ажиллаад зогсохгүй, нийгмийн эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо өргөж, өвчтөний эрхийг хамгаалдаг, урьдчилан сэргийлэх соёлыг түгээгч байх учиртай.
6⃣Зургаад. Судлаач, насан туршийн суралцагч байх: Анагаах ухаан минут тутамд шинэчлэгдэж байна. Тиймээс эмч хүн нотолгоонд суурилсан мэдлэгийг эрэлхийлж, асуудлын шалтгааныг шинжлэх ухаанчаар илрүүлдэг 'Үйлийн судлаач' ACTION RESEACHER байх ёстой. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай явуулахад нотолгоонд суурилах ёстойг тодотгон. ЭМЯ -аас санаачилсан “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS :7014 -2023” улсын стандартын 4.8 -д хүний сэтгэл ханамж, хандлага, харилцаа, эв эеийг үйлээр судална гэж заасан байдаг
7⃣Долоод. Мэргэжлийн ёс зүйг сахигч байх: Энэ бол эмчийн нэр төр, үнэ цэнийн баталгаа юм. Ард иргэдийг соён гэгээрүүлж, ёс зүй, хариуцлагаараа нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлж, ард иргэдийнхээ итгэлийг тээж явах эрхэм үүрэг билээ.
Эдгээр долоон үүрэг бол хоорондоо салшгүй холбоотой нэгэн цогц бөгөөд аль нэгийг нь орхигдуулбал бид “Төгс эмч” байх боломжгүй юм."
👩⚕️👨⚕️"Эрхэм хүндэт эмч нар аа!
Эмч нартайгаа мөр зэрэгцэн, нэгэн зорилгын төлөө зүтгэж буй анагаахын болон сувилахуйн нийт мэргэжилтнүүд ээ! Та бүхнийг гурван зүйлд анхаарлаа хандуулахыг чин сэтгэлээсээ уриалж байна!
1⃣Нэгдүгээрт: Өөрөөрөө бахархаж, өөрийгөө хайрлаарай. Та өөрөө эрүүл саруул, сэтгэл тэнүүн байж гэмээ нь өрөөл бусдад дулаан илч, чанартай тусламж түгээж чадна. Эмч хүн өөрөө “Эрүүл мэндийн үлгэрлэгч” байх ёстойг хэзээ ч бүү мартаарай.
2⃣Хоёрдугаарт: Хамтын хүчээ нэгтгэцгээе. Эмнэлгийн ажил бол “Би-гийн” амжилт биш, “Бид-ний” ялалт юм. Бие биедээ нөмөр болж, алдаагаа засаж, амжилтаа хуваалцаж, нэгдмэл нэгэн гэр бүл шиг бат зогсоцгооё.
3⃣Гуравдугаарт: Тангарагтаа үнэнч байж, хүнлэг сэтгэлээ бүү гээгээрэй. Нийгмийн хандлага, ажлын ачаалал хэцүү байсан ч таны аварсан бяцхан зүрхний цохилт, эдгэрсэн өвчтөний баярын нулимс бол таны насаараа цуглуулах хамгийн үнэт “эрдэнэ” билээ.
👩⚕️👨⚕️Эрхэм эмч нар аа! Та бүхнийг Очирваань хайрхан ивээж, алтан гар тань адистай байж, энэрэнгүй сэтгэл тань мөнхөд гэрэлтэх болтугай.
Монголын бүх эмч нартаа, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй анагаахын ба сувилахуйн бүх мэргэжилтнүүддээ БАЯРЛАЛАА
Та бүхэндээ амжилтын дээдийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн, С.Наранчимэг, АУ-ны доктор, профессор