14/11/2025
Дэлгэрмөрөн сургуулийн багш нар Magic Book-Khusvgul хөтөлбөрийг ангидаа хэрэгжүүлж, хүүхдүүдтэйгээ хамт өөрсдөө уншдаг болоод удаж байна. Ийм гоё хоббитой багш байж, хүүхдүүддээ нөлөөлж байгаад баярлалаа, Энхтүвшин багшид 🥰🥰
Дэлгэрмөрөн сургуулийн Б.Энхтүвшин багштай 6Б ангийн 32 сурагч 10 сарын 17 оос 11 сарын 12 хүртэл хугацаанд Х.Болор-Эрдэнийн "Гүйж яваа эмэгтэй" болон М.Баасандэлгэрийн "Миний өмссөн гутал" номыг уншиж дуусган өөрсдийн мэдрэмжээ илэрхийллээ.
Мөн ангийн багш нь өөрөө номоо уншиж ярилцсан нь хамгийн сайн үлгэр дуурайл боллоо.
Тэдэнд төрсөн сэтгэгдлээс хуваалцвал:
"Гүйж яваа эмэгтэй"
- Ямар ч хэцүү зүйл тулгарсан энэ хүн шиг зогсолтгүй хичээвэл хүссэндээ хүрч болдог гэдгийг ойлгосон.
- Гол дүрийн эмэгтэй ганцаардах мэдрэмж аваад амьдрал утгагүй санагддаг байсан сүүлд өөрийнхөө сэтгэлийг таньж ямарваа зүйлийг хөнгөн хүлээж авах нь зүгээр гэдгийг ойлгож өмнө нь гутардаг байсан зүйлсдээ хямрахаа байсан нь таалагдсан.
- Охины виз гарахгүй байхад хамт сандарч догдолж байсан.
- Цаашаагаа зогсолтгүй явах хүсэл зорилготой байсан нь амжилтад хүргэсэн
- Би гол дүрийн оронд байсан бол энэ охиноос илүү уйлах байсан гэтэл ганцаараа үлдсэн охин маань тэвчээртэй байж аав ээжийгээ буруутгаж гомдоогүй нь их таалагдсан.
- Бага нагац шиг хүнтэй таармааргүй байна.
- Хэдий болж бүтэхгүй хүмүүстэй тааралдсан ч гэсэн өөрийгөө алдаагүй өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд л явсан нь бахархмаар байсан
- Хүн ер нь зоригтой, ажигч, тэвчээртэй, хөдөлмөрч, зөөлөн сэтгэлтэй, хүнийг уучилж чаддаг байх ёстойг ойлголоо.
- Охин гэр бүлтэйгээ уулзахад маш их баярлаж өөрийн эрхгүй уйлсан.Би сайхан төгсдөг зохиолд дуртай.
“Миний өмссөн гутал”
- Ямар нэгэн зүйлд тууштай байвал зорилго биелдэг юм байна гэдгийг ойлгосон.
- Аав ээжийгээ, эгч дүү, найз нөхдийгөө хайрлах
- Бид бүх хувцас хэрэглэлээ өөрсдөө сонгож худалдаж авдаг болсон гэтэл энэ зохиолдолд аав нь гутал авч өгсөн нь маш гоё дурсамж болж өгсөн би ч гэсэн гэнэтийн өөрөө сонгоогүй хувцас бэлэг авмаар санагдсан.
- Амьдрал хүссэн шиг амар байдаггүй
- Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх
- Сайн бүхэн сайн зүйлийг дагуулдаг
- Хүний дотоод зан чанарыг шинжиж таних ёстойг ойлгосон.
- Бүх зүйл дэс дараалалтай өрнөдөг юм байна. Ямар ч зүйлд тохиромжтой цаг хугацаа байдаг юм байна
- Үзэл бодлоо худалдахгүй үнэн замаар явах нь өөрт нь сэтгэлийн амар амгаланг өгдөг гэдгийг ойлгосон
- Би их зорилгоо сольдог цаашид зорилгодоо тууштай байхыг хүсэж байна.