09/03/2026
ХҮНИЙ ЭМЗЭГ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүний хувийн мэдээлэл нь тухайн иргэний нэр төр, халдашгүй байдал, аюулгүй байдлыг хамгаалах чухал ач холбогдолтой байдаг. Түүний дотроос илүү өндөр түвшний хамгаалалт шаарддаг мэдээллийг хүний эмзэг мэдээлэл гэж үздэг.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд зааснаар “хүний эмзэг мэдээлэл” гэдэгт дараах мэдээллүүд хамаарна. Үүнд:
- Хүний үндэс, угсаа
- Шашин шүтлэг, итгэл үнэмшил
- Эрүүл мэндийн мэдээлэл
- Захидал харилцааны нууц
- Генетик болон биометрик мэдээлэл
- Тоон гарын үсгийн хувийн түлхүүр
- Ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх талаарх мэдээлэл
- Бэлгийн болон хүйсийн чиг баримжааны талаарх мэдээллүүд багтдаг.
Эдгээр мэдээлэл нь тухайн хүний хувийн амьдрал, нэр төр, аюулгүй байдалтай шууд холбоотой тул хууль тогтоомжоор тусгайлан хамгаалдаг.
Хэрэв эмзэг мэдээлэл задрах, алдагдах, хууль бусаар ашиглагдах тохиолдолд тухайн хүнийг ялгаварлан гадуурхах, нэр хүндэд нь халдах, эсвэл бусад байдлаар хохироох эрсдэлтэй.
Иймээс иргэн бүр өөрийн эмзэг мэдээллийг хамгаалах, цахим орчинд болгоомжтой хандах, баталгаагүй эх сурвалжид хувийн мэдээллээ дамжуулахгүй байх нь чухал юм.
Хэрэв таны эмзэг мэдээлэл алдагдсан эсвэл зөвшөөрөлгүйгээр ашиглагдсан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хууль хяналтын байгууллагад хандаж, өөрийн эрхийг хамгаалуулах боломжтой.
Тиймээс хувийн мэдээллээ хамгаалах нь таны аюулгүй байдлыг хамгаалах чухал алхам юм.