22/10/2025
Suspension Bridge Effect буюу Дүүжин гүүрний нөлөө гэж юу вэ?
📌“Заримдаа бидний мэдэрдэг сэтгэл татагдал үнэн хэрэгтээ төөрөгдөл байж болдог”
1974 онд сэтгэл зүйч Donald Dutton, Arthur Aron нар Канадын Capilano Suspension Bridge хэмээх савлаж хөдөлдөг, өндөр явган хүний гүүрэн дээр нэгэн сонирхолтой туршилт хийсэн бөгөөд үр дүнд нь сэтгэл судлалын түүхэн дэх нэгэн сонирхолтой жишээ болох “сэтгэл хөдлөлийн төөрөгдөл” хэмээх ойлголтыг баталсан байна.
Туршилтын зорилго нь хүмүүс физиологийн хариу үйлдлээ (зүрхний цохилт хурдсах, хөлрөх, чичрэх, амьсгал түргэсэх) аливаа сэтгэл хөдлөл (дурлал, догдлол) гэж буруу ойлгох боломжтой эсэхийг шалгах байв. Туршилтын явцад өндөр, нарийхан, савлаж хөдөлдөг, айдас төрүүлэм гүүр болон намхан, өргөн, тогтвортой, аюулгүй мэдрэмж төрүүлэх 2 төрлийн гүүрийг ашиглажээ. Туршилтанд оролцогч залуусыг хоёр гүүрээр нэг нэгээр нь гаргаж, гүүрний дунд нэгэн сэтгэл татам төрхтэй эмэгтэй судлаач тааралдаж тэдэнд асуулгууд өгөх бөгөөд асуулгын төгсгөлд судлаач оролцогчиддоо өөрийн утасны дугаарыг өгч “Хэрвээ танд асуулт байгаа бол над руу холбогдоорой” гэж хэлсэн байна. Туршилтын дараа судлаачтай оролцогчид утсаар холбогдсон эсэх, мөн өгсөн асуулгад бичсэн хариултын агуулгыг судлахад дараах үр дүн гарчээ.
• Өндөр, савладаг гүүрээр гарсан залуусын 50% орчим нь судлаачтэй эргэн утсаар холбогдсон бөгөөд асуулгын хариулт нь илүү уянгын, романтик санаа бүхий агуулгатай байв.
• Тогтвортой гүүрээр гарсан залуусын 12% нь л холбогдсон бөгөөд энгийн, төв утгатай хариултыг өгчээ.
📌 Туршилтын үр дүн юуг харуулж байна вэ?
Өндөр гүүрээр гарах үед зүрх хурдан цохилох, адреналин ихсэх зэрэг айдас, догдлол, аюулын үед төрөх физиологийн хариу үйлдэл оролцогчдод бий болсон ба эдгээр физиологийн өөрчлөлтийг тухайн үед хажууд байсан эмэгтэй судлаачтай холбоотой романтик сэтгэл хөдлөл гэж төөрөгдөх буюу дурлаж, татагдаж байгаа мэт мэдрэмж хэмээн ойлгосон байна.
• Бидний мэдрэмж гадны нөхцөл, орчноос хүчтэй хамааралтай.
• Татагдал, айдас, догдлол зэрэг мэдрэмжүүдэд хоорондоо төстэй физиологийн шинж тэмдэг илэрдэг.
• Хүн өөрийн сэтгэл хөдлөлийн шалтгааныг тодорхойлохдоо төөрөгдөх эрсдэлтэй.
📌 Хүний тархи аливаа учир шалтгааныг автоматаар тайлбарладаг ч заримдаа андуурдаг.
Сэтгэл хөдлөл гэдэг бидний бие физиологийн хариу үйлдэлтэй салшгүй холбоотой. Гэхдээ заримдаа бид эдгээр хариу үйлдлийг буруу тайлбарлаж, өөр сэтгэл хөдлөл гэж андуурдаг. Үүнийг сэтгэл судлалд “Misattribution of Arousal” буюу сэтгэл хөдлөлийн төөрөгдөл гэж нэрлэдэг.
Уг эффектийг нийтлэгээр маркетинг, уран бүтээл болон болзоонд ашиглах нь түгээмэл байдаг.
✅ Маркетинг, уран бүтээл – Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүчтэй сэтгэл хөдлөх, татагдах мэдрэмж төрүүлэхүйц утга агуулга, мессежтэй байх, сэтгэлд таатай байх дүр төрхтэй хүмүүсийг сурталчилгаанд ашиглах зэрэг нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн зан төлөв, сонголтод нөлөөлдөг байна.
✅ Болзооны орчин – Адал явдалтай, аюул, эрсдэлтэй мэт мэдрэмж төрүүлэх орчин (галзуу хулгана, уул, өндөр гүүр, шүхрээр үсрэх, экстрем спорт, аймшгийн кино г.м) нь сэтгэл хөдлөлийг хүчтэй өдөөх буюу татагдах мэдрэмжийг дэмждэг.
📌 Сэтгэл хөдлөл бол зөвхөн бидний доторх мэдрэмж биш, харин орчин, нөхцөл, тайлбарын нийлэмж юм.