02/09/2025
ЯАГААД ХҮҮХЭД НОГООН БААДАГ ВЭ?
Ээжүүдийн группээр хамгийн их асуудаг асуултын нэг нь хүүхэд яахаар ногоон баадаг вэ? гэсэн асуулт байдаг.
Хөхөөр хооллодог хүүхдийн баас голдуу шар, шаравтар өнгөтэй (mustard буюу гичэрхүү шар) байдаг. Ихэнхдээ хүүхэд төрснөөс хойш 5 хоногийн дараа буюу хангалттай хөхний сүүгээр хооллосны дараа хүүхдийн баас зөөлөн шар өнгөтэй болдог. Төрснөөс хойш 3 дахь хоног дээр хүүхдийн баас ногоон өнгөтэй байх нь хэвийн үзэгдэл гэж хэлж болно. Цаашдаа ногоон баас үзэгдэх нь ховор байх бөгөөд харин ногоон баас давтамж нь олширч, ойр ойрхон болвол яах ёстой вэ? Яагаад ногооноор баадаг вэ?
Доорх шалтгаанууд байж болно.
Заримдаа ногоон баас таны хүүхдийн хувьд хэвийн байж болно.
Байнга биш ч олон давтамжтайгаар шар ногоон, ногоон баас гаргадаг бол таны хүүхэд хэвийн хэмжээнд жингээ нэмж, сүү болон нэмэлт тэжээлийн хэмжээ зохимжтой байгааг илэрхийлж байна. Гэхдээ энэ нь үргэлж ногооноор баах биш ойрхон давтамжтайгаар тогтмол шар ногоон, ногоон баадаг тухай ярьж байгаа юм.
1. Лактозын илүүдэл буюу сүүн дэх сахарын хэмжээ их
Таны хүүхэд хааяадаа ногоон баас гаргадаг, гэхдээ нэг удаадаа ихээр ногоон бааж байна уу? Бас жин хэвийн нэмж байгаа ч хоолондоо цамаан, бага зэрэг дургүйцэх хандлагатай байна уу? Тэгвэл энэ нь лактозын илүүдлийн шинж тэмдэг юм. Заримдаа энэ нь хөхөлтийн эхний сүү ба төгсгөлийн сүүг тааруулаагүй (сүүлд хөхнөөс гарах сүү эхний сүүгээс илүү тослог ихтэй байдаг), сүүг хэтрүүлэн хооллох зэргээс хамаарах бөгөөд хөөсөрхөг ногоон баасаар баах нөхцлийг бүрдүүлдэг. Сүүний зохистой хэмжээг тааруулаагүй, хэтрүүлсэн тохиолдолд хүүхэд лактоз буюу сахарын илүүдэлтэй болох магадлалтай бөгөөд тослог багатай сүү нь хүүхдийн хэвийн шингээлтийг муутгаж, хөөсөрхөг, устай ногоон баасаар баах шалтгаан болдог. Зарим тохиолдолд хооллох хэмжээ их байгаа ч жин нэмэхгүй байх зэрэг нь лактозын илүүдлийн шинж тэмдэг байж болно.
Эмч, мэргэжилтнээс зөвлөгөө авах
Заримдаа лактозын илүүдлийг “хангалттай хооллохгүй байх” шалтгаантай андуурах тохиолдол байдаг учраас эмч, мэргэжилтнээс зөвлөгөө авч ярилцах хэрэгтэй. Хэрвээ илүүдэлтэй бол нэг хооллохдоо зөвхөн нэг хөхөө өгөх, эсвэл тодорхой тогтмол хугацаагаар хооллож үзэх нь тус болно.
2. Хангалттай хооллохгүй байх
Бага хэмжээтэй ногоон баас байна уу? (нэг удаа баахдаа ногоон боловч жаахан байх гэх мэт) Хэрвээ тийм бол энэ нь хангалттай хооллохгүй байгаатай холбоотой байж болно. Таны хүүхэд цухалдуу, ярдаг аашилдаг – заримдаа өдрийн турш нойрмог байх эсвэл заримдаа өдрийн турш байнга идэх хүсэлтэй байх зэрэг ааш гаргадаг бол энэ нь хооллолт дутуу байгаагийн шинж юм. Энэ нь жин нэмэхгүй байхад шууд нөлөөлнө. Энэ тохиолдолд аль болох хангалттай хүссэн үед нь хөхөө өгөх, хооллолтонд нь ямар нэгэн байдлаар хугацааны болоод нэг удаад зөвхөн нэг хөхөө хөхүүлэх гэх мэт хязгаар тавьж болохгүй. Эмч, мэргэжилтэнтэй хүүхдийнхээ жингийн өсөлт хэвийн эсэх, гаргаж буй зан авирын талаар сайтар зөвлөлдөн ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй. Зөвхөн нэг хөхөө дуустал хооллох нь заримдаа хөхний сүүний хэмжээг бууруулах талтай байдаг.
3. Эхийн хооллож буй зүйлсээс харшлах
Байнга хөхөөр хооллодог хүүхэд ихээр, ойрхон давтамжтай ногоон баах нь эхийн идэж буй хоол хүнстэй холбоотой байж болно. Үүнийг яг таг тодорхойлоход хэцүү ч экзем, хамар битүүрэх зэрэг өөр шинж тэмдэгтэй байгаа бол эхийн идэж буй хоол хүнс, ялангуяа малын гаралтай сүүн бүтээгдэхүүнээс харшилдаг байх магадлалтай.
4. Гэдэс хямрах
Хэрвээ таны хүүхэд, ханиадтай, даарсан, гэдэс нь хямарсан бол ногооноор бааж болно. Энэ тохиолдолд эмчээс нарийн зөвлөгөө аваарай.
5. Шарлалт
Таны хүүхэд шарлалттай, фото аппаратаар эмчилгээ хийлгэсэн бол их хэмжээгээр ногоон баах нь бий. Энэ бол билирубин ялгарч байгаа хэлбэр юм. Энэ тохиолдолд эмч ихэнхдээ урьдчилан сануулан хэлсэн байдаг.
6. Эхийн хоол хүнсэнд ногоон өнгөтэй хүнс ихээр байх
Эх (хүүхэд) ногоон өнгөтэй жимс ногоо, хүнс ихээр хэрэглэсэн бол хүүхдийн баас ногоон болно. Хүүхэд цухалдах, аашлах, гэдэс нь хямарсан мэт шинж тэмдэг илрэхгүй бол санаа зовох зүйлгүй бөгөөд эмч, мэргэжилтэнтэй идэж буй хоол хүнснийхээ талаар зөвлөлдөөрэй. Хөхний сүүгээ нэмэгдүүлэхийн тулд их хэмжээгээр fenugreek (үр хөврөл шиг ногоо) идсэн бол бас баас ногоон болох магадлалтай.
Хүүхдийн хоолонд ногоон хүнс ихээр байх
Том болж, бор хоолонд орсон хүүхдүүдийн хоолонд их хэмжээний ногоон өнгөтэй хүнс байх нь мөн ногоон баасны шалтгаан болдог. Төмрийн бэлдмэл мөн хүүхдийн баасыг хар ногоон өнгөтэй болгодог.
7. Эх болон хүүхдийн эмчилгээ
Зарим нэг эм бэлдмэл болон антибиотик хүүхдийн ногоон баасны шалтгаан болдог. Гэнэт ногооноор баалаа гэсэн ихэнх ээжүүдийн асуултын хариулт “хүүхэд саяхан вакцин хийлгэсэн” байх тохиолдол ч бий. Эргэлзэж байвал эмчтэй зөвлөлдөөрэй.
8. Шүд ургах
Шүд ургах үед зарим тохиолдолд ногооноор баах нь бий. Энэ нь их хэмжээгээр шүлс ялгарч, түүнийг ихээр залгисантай холбоотой.
9. Хуучин баас
Хүүхдийн живхэнд удсан баас зарим тохиолдолд ногоон өнгөтэй болсон байх нь бий. Энэ нь баасанд исэлдэх процесс явагдаж ногоон өнгөтэй болсон гэсэн үг юм.
ТӨГСГӨЛ-д нь хэлэхэд:
Хүүхдийн баас ногоон баах нь олон янзын шалтгаанаас үүдэлтэй байж болдог учраас ямар ч тохиолдолд эмч, мэргэжилтнээс зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй. Буруу хооллолт, хөхний сүү, нэмэлт тэжээл зэрэг хооллолтын арга хэлбэртэй холбоотой байж болдог учраас ямар ч тохиолдолд заавал эмч, мэргэжилтнээс лавлаарай.
https://breastfeeding.support/why-is-my-babys-poop-green/ орчуулав.
Орчуулсан: Намууны аав
2018.11.22
Асууж лавлах зүйл байвал манай эмнэлэгт хандаарай. 88661958; 70001958