27/03/2026
ГССҮТ-ИЙН СТАТИСТИК, ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА Б.ТҮМЭН-ӨЛЗИЙ “АЛТАН ЧАГНУУР” -ЫН ЭЗЭН БОЛЛОО...🩺👩⚕️👏
🔰 Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарыг алдаршуулах, эмчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилгоор 2011 оноос эрүүл мэндийн салбарын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” дээд шагналыг бий болгосон бөгөөд энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.
🔰 Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Ариунжаргал, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд, Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Алтан чагнуур” шагналын эзэн, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх зэргийн эмч А.Цэнджав, Эрүүл мэндийн яамны холбогдох удирдлагууд уригдан оролцсон байна.
🔰 Энэ удаагийн “Алтан чагнуур” шагналын “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ” номинацийн эзнээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистик, тандалт судалгааны албаны дарга, Зөвлөх зэрэгтэй биостатистикч-мэдээлэл зүйн мэргэжилтэн Бадарчийн ТҮМЭН-ӨЛЗИЙ шалгарлаа.
✍️ ✍️✍️ Түүний амжилт бүтээлээс сийрүүлбэл:
▪️ Улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх ажлыг баг хамт олноо удирдан зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн ба осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 60 гаруй эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж, осол гэмтлийн өвчлөлийн мэдээ, үйлчлүүлэгчийн мэдээллийн цахим санг бүрдүүлэн тархвар зүйн дүн шинжилгээ болон судалгаа хийж, эрүүл мэндийн болон бусад салбарын зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээллээр ханган ажиллаж буй юм.
▪️ Мөн жил бүрийн Гэмтэл согог судлалын эрдмийн чуулган, эрүүл мэндийн болон бусад салбарын эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол оролцож, судалгааны өгүүлэл бэлтгэн, илтгэл хэлэлцүүлж, тэргүүн байранд удаа дараа шалгарч байсан бол, Япон улсын Цукубагийн их сургууль, Хирошимагийн их сургуулийн судлаачидтай хамтран осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг судалж, олон улсын сэтгүүлд судалгааны өгүүллүүд хэвлүүлэн хүн амыг осол гэмтлээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж иржээ.
▪️ Нийгмийн эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа мэргэжлийн ур чадвараа сайжруулахад тогтмол анхаарч, НЭМ-ийн магистр, докторын сургалтын хөтөлбөр болон Малайз, Сингапур, Тайвань, Солонгос зэрэг улсад мэргэжлийн сургалтанд хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн салбарт бүртгэгдэж буй бүртгэлийн маягтыг боловсронгуй болгох, өвчлөлийн бүртгэл тайлангийн цахим програм хангамжийн хөгжүүлэлтийг сайжруулах чиглэлээр хамт олны болон өөрийн саналыг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргэх, мэргэжилтнүүдийн мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтанд оролцож, осол гэмтлийн бүртгэл мэдээлэл, тандалтын чиглэлээр сургалт хийх, мэргэжил арга зүйгээр хангах зэрэгт онцгой анхаарч ажилласан зэрэг амжилтуудыг гаргасан билээ.