14/10/2025
Хөөрхөн хүү вэ❤️
Сая Нарантуул орж зүүн аймаг руу хүргэлт хийх гээд л хайрцагтай цайнуудаа тэврээд явж байтал нэг хөөрхөн 10 орчим насны хүү эгчээ би өргөөд дөхүүлээд өгөх үү гэлээ. Өсгийтэй гуталтай хайрцагтай юм тэвэрчихсэн би өрөвдөлтэй харагдсан бололтой. Тийм хүнд биш ч хүүгийн сэтгэлийг бодоод за тэг гээд л өглөө. Орон нутгийн машин дээр очих зуур жаахан ярилцлаа.
-Хичээлдээ явахгүй яагаад зах дээр явж байгаа юм бэ
-Явалгүй яах вэ эгчээ тараад л гялс гэр рүүгээ оччихоод энд хүрээд ирдэг юмаа
-Ингээд хүний юм зөөж өгөөд хэдэн төгрөг олох уу
- Янз бүрээ эгчээ хоосон л буцна гэж байхгүй
Эмээ эгч хоёрт нэмэр болоод л байгаа.
- Аав ээж хоёр нь хааччихсан юм бэ
- Мэдэхгүй ээ аав ээж хоёр 3 жилийн өмнө хэрэлдээд л салсан. Аав яваад ээж үлдсэн ч эмээ эгч бид гурваас бас салж байгаа юм шиг л яваад өгсөн. Хүнтэй суусан л гэсэн. Ирдэггүй юмаа.
- Эмээ чинь аав ээж хоёрынх нь хэнийх нь ээж юм бэ
- Уг нь ээжийн ээж. Тоодоггүй шдээ. Ээжийг бодвол аав хааяа бид гуравт мөнгө шилжүүлдэг юмөө. Ээж ч дээ мэдэхгүй хүүхэд гаргасан л гэсэн. Би хэрэггүй юм шиг байналээ гэснээ урагш явах машин зам руу харан харцаа буруулан алхлаа. Сэтгэл нь хэцүү байгаа бололтой.
-Эмээ маань л хамгийн сайн эмээ. Хааяа юу болсон юм мэдэхгүй ээ баахан л юм захиад байдаг юм. Би битгий муу ёрлоод бай гэхээр дуугуй болчихдог.
-Миний дүү эмээгээ яаж баярлуулъя гэж боддог вэ
- Зөндөө л юм боддог.Гэхдээ биелэх байхаа хурдан л том болчих юмсан.Одоо хүйтэн болж байна мөнгөө цуглуулж байгаад гутал авч өгнөө. Эгчээ манай эмээ харин ч мундаг эмээ ямар ч өвчин ердөө ярьдаггүй гээд л эмээгээ зөндөө их магтлаа. Энэ яриан дунд ээж гэх үг нэг ч удаа гарч ирсэнгүй.
Эмээ аягаа сайн угааж байгаарай тэгэхгүй бол ахиад надад хоол битгий идээрэй гэж аяга гомддог гэж хэлсэн. Тэгээд би багаасаа аягаа маш сайн угаагаад сурчихсан гээд л хөөрхөн гэгч нь яриад л байсан.
Ийнхүү ярилцсаар хоёулаа машины дэргэд ирж -Мундаг хүү юмаа эмээгийнхээ гуталд нэмэрлээрэй гээд зуун мянган төгрөг өгтөл мөнгө рүү гайхан харж
-Өө эгчээ хэрэггүй ээ гурван мянга л байвал болно гэлээ.
- Ав л даа эгч нь гутал авах мөнгөнд чинь нэмэрлэж байгаа юмаа гэтэл
-Үгүй ээ хэрэггүй эмээ надад хүнээс илүү юм битгий авч байгаарай ,хоосон байсан ч хичээлээ сайн хийгээд хүнтэй эвтэй байвал сайн хүн болдог юм шүү гэсэн хэрэггүй ээ эгчээ баярлалаа гээд өөдөөс харлаа.
Хөөрхөн бор нүд. Түүний нүдэнд жаахан гуниг харагдлаа.
- Эгчийнх нь эмээ Бурханы оронд байгаа . Бэлэг өгөх эмээ эгчид нь байхгүй шүү дээ авчих тэгэхүү гэхэд хүү санаа алдаад гараа сунгалаа.
Намайг хацрыг нь илэхэд БАЯРЛАЛАА ЭГЧЭЭ ТА САЙН ЭЭЖ БАЙХАА гэж хэлээд эргээд алхчихсан.
Энэ үг надад маш хэцүү санагдсан. Яагаад ийм хөөрхөн хүүг бодож санадаггүй бэтгэрүүлж байдаг ээж вэ , хөөрхөн хүү удахгүй том болсон ч эхийн хайрыг мэдрэхгүй өснө гэдэг юутай харуусалтай вэ хэмээн бодсоор би ч бас эргэн алхлаа
ХҮҮТЭЙ ДАХИН УУЛЗАХААР ОЧНОО
2025.10.09 Цээгий