28/10/2025
Ахиллын шөрмөсний урагдал
• Ахиллын шөрмөс нь шилбэний булчингуудыг өсгий ястай холбодог бат бөх шөрмөс юм.
• Урагдал нь уг шөрмөсний үргэлжилсэн ширхэг гэмтэж, үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд спортоор идэвхитэй хичээллэдэг хүмүүсийн дунд элбэг тохиолддог гэмтэл юм.
• Ахиллын шөрмөсний урагдал нь том шөрмөсний тасралын нийт тохиолдлуудын 20-35%-ийг эзэлдэг.
Ямар хүн гэмтэх эрсдэлтэй вэ?
• Жилд 100,000 хүн тутамд ойролцоогоор 18 орчимд тохиолддог.
• Нас, хүйс: 30-55 насныханд хамгийн их тохиолддог, 30-40 насны эрчүүдэд өвчлөл дээд цэгтээ хүрдэг.
• Хөдөлгөөн: Зогсох-явах гэсэн үйлдэлтэй спорт (сагсан бөмбөг, теннис, хөл бөмбөг) -ын сонирхогч тамирчдад тохиолдох нь түгээмэл. Хүчтэй хөдөлгөөн, гэнэт эргэх, огцом зогсох, бэлтгэлийн гэнэтийн ачаалал зэргээс үүдэлтэй.
• Биеийн байдал: Урьд нь шөрмөсний гэмтлийн өгүүлэмжтэй, нас ахих, механикийн дутагдал, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, гэнэтийн эрчимтэй хөдөлгөөн.
• Эм: Фторхинолон антибиотик (100,000-д 12, эхний 90 хоногт эрсдэл өндөр). Стероид хэрэглэх нь бас холбоотой.
Энэ нь Яаж мөн Яагаад тохиолддог вэ?
▪️ Механик стресс: Шөрмөс татсан үед огцом ачаалал авах, тухайлбал, өндөр ачааллын дор өвдөг тэнийлгэсэн байрлалд шагайн үеэр гэнэт ээтийлгэх.
▪️ Судасны асуудал: Өсгий ясанд бэхлэгдсэнээс дээш 2-6 см дахь судасжилт багатай хэсэг нь шөрмөс гэмтэхэд өртөмтгий байдаг.
▪️ Эдийн чанар муудах: Давтан бичил гэмтэл авах→ архаг дегенератив (тендиноз) эсвэл цочмог үрэвсэл (тендинит).
Илрэх шинж тэмдэг
• Сонгодог тохиолдол: сонирхогчдын спортын дунд насны эрэгтэй, гэнэтийн "цохих" мэдрэмж, шилбэний хүчтэй өвдөлт (гэхдээ өвдөлт илрэхгүй байж болдог).
• Шөрмөсийг тэмтэрхэд зай эсвэл дефект тэмтрэгдэх.
• Гэмтлийн эргэн тойронд хавдах, хөхрөх, өвдөх.
• Алхахад хүндрэлтэй, доголох.
• Өлмийг жийх хөдөлгөөний алдагдал → нэг өсгийг өргөх, хөлийн өлмийг жийх хөдөлгөөнийг хийх боломжгүй.
Оношилгоо
• Асуумж болон бодит үзлэгт үндэслэнэ.
Бодит үзлэгийн тестүүд
• Томпсоны сорил (Шилбэний булчинг шахах, базах тест): тавхайг ээтийлгэх рефлекс байхгүй = эерэг.
• Матлес тест (Өвдөг нугалах сорил): Өвчтөнийг түрүүлгээ харуулан хэвтүүлж өвдөгний үеэр 90 градус нугалахад гэмтсэн хөл эрүүл хөлтэй харьцуулахад өлмийг жийх байрлалд бус тавхайг ээтийлгэх байрлалд байна.
Дүрс оношилгоо
• Хэт авиан шинжилгээ: Практикт хэрэглэх эхний арга.
• Соронзон резонанст томограф (MRI): Нарийвчилсан үнэлгээ хийх, урагдлыг тодорхойлох, хэсэгчилсэн урагдлыг илрүүлэхэд үр дүнтэй.
Эмчилгээний сонголтууд
Шууд: RICE протокол (Амрах, мөсөн жин, боолт, өндөрлөж сойх) эсвэл шинэ эмчилгээний PEACE and LOVE протокол. Ацетаминофен (парацетамол) эсвэл NSAID-ийн тусламжтайгаар өвдөлт намдаах.
Мэс заслын бус менежмент
• 2 долоо хоногийн турш чиг/гипс хийж хөдөлгөөнгүй байлгах..
• Хөдөлгөөний далайцын дасгал болон хөнгөн эсэргүүцлийн дасгалаар эрт сэргээн засах эмчилгээ хийх
Мэс засал эмчилгээ
• Зорилго: шөрмөсний уртыг нөхөн, үйл ажиллагааг сэргээнэ.
• 7-14 хоногийн дотор хамгийн сайн.
• Хагалгааны дараах: хөдөлгөөн хорих, дараа нь эрт идэвхтэй нөхөн сэргээх эмчилгээ хийх.
Мэс заслын болон мэс заслын бус эмчилгээг харьцуулвал
▪️ Мэс засал нь дахин урагдах давтамжийг бууруулдаг боловч хүндрэл үүсэх эрсдэл өндөр байдаг.
▪️ 12 сарын хугацаанд мэс заслын бус эмчилгээтэй харьцуулахад үр дүн сайн гарахгүй.
▪️ Цочмог/бүрэн урагдал→ зайлшгүй гэмтлийн мэс заслын эмчийн зөвлөгөө шаардлагатай.
Урьдчилан сэргийлэлт
▪️ Хүчтэй дасгал хийхийн өмнө шөрмөсний агшилт болон сунах хөдөлгөөнийг идэвхжүүлэх дасгал буюу бие халаалт сайтар хийх.
▪️ Фторхинолон эсвэл стероид (тамирчид эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээнд хэрэглэх) хэрэглэх үед бэлтгэлийн эрчмийг бууруулах.