Төгсун эмнэлэг

Төгсун эмнэлэг "Төгсун" сэтгэц наркологийн эмнэлэг

14/09/2025

ХИЛЭНЦИЙН НӨХӨР ТОЛГОЙНДОО ЭВЭРТЭЙ, АРХИРЧ АЙЛГАСАН ДҮРЭЭР БИДЭН РҮҮ ИРЭХГҮЙ

Хилэнцийн нөхөрт бүү авт. Шавь хүний анхаарах ёстой нэг зүйл бий. Номыг чухалчилж явах зам урт шүү. Энэ замд хилэнцийн нөхөр гэж номыг чухалчлах замаас нь буцаах, замд саад хийх айхтар бэрхшээл гарч мэднэ. Хилэнцийн нөхөр гэж чөтгөр, шуламсаас илүү их саад учруулдаг.

Гүнтэн гэгээн: Хилэнцийн нөхөр толгойндоо эвэртэй, архирч айлгасан, хазаж хавирсан дүрээр бидэн рүү ирдэггүй юм. Ингэж ирдэг бол бид хилэнцийн нөхөрт ойртохгүй зугтах учраас хорлол нь барагтай ирэхгүй шүү дээ. Хилэнцийн нөхөр яруу сайхан үг яриатай, инээмсэглэсэн дүртэй ирдэг гэж айлджээ.

Хилэнцийн нөхрийг яаж таних вэ?

Таныг буруу зүйл хийлгээд байвал тэр хилэнцийн нөхөр шүү! гэж тодорхойлдог. Тэгвэл хилэнцийн нөхөр гээд түүнийг орхих гэж үү, хэн түүнийг татах вэ? Тэр хүн нийгэмд орхигдох юм уу?

Хилэнцийн нөхрийг эхэн үедээ орхихгүй гэж хамт явбал хоёулаа орхигдоно. Иймд эхлээд өөрөө тэр хүний үйлдэлд татагдахааргүй болох хүртэл түүнээс тусдаа байх нь зөв юм.

Бурханы номд “Ямар ч бодгалийг хэзээ ч бүү буруутга” гэж айлддаг. Энэ намайг муугаар хэлж, намайг хорлож байна шүү дээ гэвэл: Хорлож үйлдэгч тэр хүнд өөрийн эрх гэж алга, хорлуулж үйлдэж буй муу сэтгэлийг нь үзэн ядах хэрэгтэй гэдэг.

Хүн аль болох аз жаргалтай, сайхан байхыг л хүснэ шүү дээ.
Харин тань руу муу үг хэлж, хорлол үзүүлбэл тэр өөрөө л зовно, уурлана, бухимдана, шанална. Хүн хүссэндээ биш, муу сэтгэлээ дийлэхгүй, муу сэтгэлийнхээ боол нь болж, юу гэж бодогдоно тэр дагуу хийж явна. Харин түүнийг өрөвдөх хэрэгтэй. Муу сэтгэлийг үзэн яд гэж байгаа бол “үзэн ядах” гэдэг өөрөө муу сэтгэл мөн биз дээ гэдэг асуулт гарна. Муу сэтгэлийг үзэн ядахыг “үзэн ядах” гэхгүй гэж Шантидэва гэгээн айлдсан байдаг.

Аливаа асуудал гарахад цаад хүнээ болохгүй бүтэхгүй, хилэнцийн нөхөр гэж бодох нь “тэр хүнийг нь” муу гэж үзэн ядсан биш ээ! Нэг хүн хамтдаа цэнгээний газарт очиж архи ууя, явъя гэвэл дараа болъё доо гэх зэргээр хүнд муу үг хэлэхгүй, уурлахгүй, тэгсэн хэр нь өөрийгөө татаж, орон зайг холдуулж, удирдаж чаддаг бол ийм хандлага өөрийг тань л аварна.

Ачит багшийн айлдвараас...2023

08/09/2025

ДАЛАЙ БАГШ: СҮҮ ШИГ ЦАГААН СЭТГЭЛТЭЙ НЭГЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ...

- Хүний эрхэм чанар гэдэгт та чухам юуг хамааруулан ойлгодог вэ?

- Хүнлэг чанар сайхан сэтгэл. Ердөө л энэ. Юмыг үргэлж сайн сайхнаар бодож явдаг, сүү шиг цагаан сэтгэлтэй нэгэн байх хэрэгтэй.

Тойрон хүрээлж буй хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ шудрага харьцдаг байх нь чухал. Бас хайрладаг байх, хэрэгтэй.

Тэднийхээ төлөө байнга санаа тавьж байх хэрэгтэй...

21/08/2025
10/08/2025

Гоо сайхны мэс засалч Ричард Теогийн сүүлчийн илтгэл

Гоо сайхны мэс засалч Ричард Тео 40 насандаа уушигны хорт хавдарын дөрөвдүгээр шатанд байхдаа энэхүү гайхамшигт илтгэлийг 2012 оны нэгдүгээр сарын 19-нд тавьсан бөгөөд үүнийхээ дараа сар ч бололгүй таалал төгссөн юм.

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.
Миний хоолой бага зэргийн сөөнгө байгааг минь ойлгоорой. Намайг Ричард гэдэг, би эмч хүн. Өнөөдөр та бүхэнд амьдарлын тухай өөрийн үзэл бодлыг хуваалцмаар байна. Намайг бага байхаас эхлээд л хэвлэл мэдээлэл болон эргэн тойронд байгаа хүмүүс аз жаргал бол амжилт юм гэсэн ойлголтыг надад өгсөн билээ. Харин амжилт нь эд баялагаар тодорхойлогддог гэж боддог байсан учраас л бага байхаасаа их дайчин өрсөлдөөнд дуртай байсан юм. Би шилдэг сургуульд сурч мөн бүх салбарт шилдэг нь байх шаардлагатай гэж боддог байлаа. Миний зорилго бол амжилттай байж үндэсний хэмжээний өнгө өнгийн шагналыг цуглуулах байлаа. Тэгээд анагаах ухааны сургуульд орж, тун удалгүй эмч болсон юм.
Та бүхэн мэдэж байгаа эрүүл мэндийн салбарт “Офтальмогия” буюу хараа зүй нь хамгийн эрэлттэй мэргэжил байдаг. Тийм учраас би тэр мэргэжлийг сонгож нүдийг лазерийн аргаар эмчлэх аргыг судлахаар NUS -аас тэтгэлэг авсан юм. Энэ салбартаа хоёрын хоёр патент авч амжилттай байсан хэдий ч надад эд хөрөнгө баялаг авчираагүй тул хувийн салбарыг сонгосон юм.
Сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс заслын салбар хүчээ авч тоолж баршгүй их мөнгө эргэлдэж байдаг учир энэ л мөнгөний төлөө би тэтгэлгээ дундаас нь хаяж гоо сайхны мэс засалч болж хувийн эмнэлгээ нээсэн билээ.
Хамгийн харамсалтай нь энгийн нэгэн эмчээр хүмүүс бахархдаггүй. Харин баян, алдартай хүмүүсээр л бахархаж баатар мэт харьцдаг. Энгийн эмчид 20 доллар төлөхийг хүсдэггүй хүн уруулаа засуулахдаа 10,000, хөхөө томруулахдаа 12,000 долларыг төвөггүй төлөхөд бэлэн байдаг. Та нар одоо миний хийсэн сонголтод эргэлзэхгүй болсон байхаа. Хүн эмчлэгч гэхээсээ илүү би гоо сайхныг бүтээгч нэгэн болсон юм. Бизнес ч сайхан амжилттай хөгжиж байлаа. Хүмүүс анхандаа надтай уулзах гэж 7 хоног хүлээдэг байсан бол гурван долоо хоног, сар, сүүлдээ 2 сар хүлээдэг боллоо. Надтай уулзах хүмүүсийн тоо дэндүү олон байх нь намайг үнэхээр их баярлуулдаг байлаа. Эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам хэд хэдэн эмч авч ажлуулан эхний жилдээ л сая сая доллар олж эхэлсэн юм. Гэхдээ би ханаж цадахаа мэдэхгүй дэндүү их донтчихсон байлаа. Бизнесээ өргөжүүлэн Индонез улсад салбараа нээхэд гоё сайхан болох гэсэн нутгийн баячууд үнэ асуулгүй биднээр үйлчлүүлдэг байлаа. Амьдрал сайхан байлаа.
Мөнгөө юунд зарцуулж, амралтын өдрөө яаж өнгөрүүлж байсан бэ гэж үү? Зарим өдрүүдэд би ачааны машин худалдан авч уулзалтад явдаг байлаа. Халаасны мөнгөөрөө би уралдааны болон хурдны машин худалдан авдаг байсан юм. Нэг өдөр манай нэг найз улаан Феррари худалдан авсан юм. Тухайн үед 458 загвар дөнгөж гарч байсан үе л дээ. Миний шар хөдөлж, тэр өдрөө би саарал өнгийн Феррари худалдан авсан юм даг. Дараа нь эдлэн газар худалдан авч, хаус бариулж, эдлэн газартаа ан хийдэг болсон доо.
Амьдрал ямар байсан гэж үү? Сайхан бүсгүйчүүд, баячуудын хамт цагийг өнгөрөөж зугаацдаг байлаа. Миний хувьд амжилтын оргилд хүрсэн юм шиг санагдаж байлаа. Гэвч өнгөрсөн жил бүх юм өөрчлөгдсөн. Бэлтгэлийн зааланд гэнэт бие минь муудсан. Би ч өөрийгөө бага зэрэг ядарсан байна гэж бодож байлаа. Гэвч тийм биш байлаа. Нуруу минь маш ихээр өвдөж эхэлсэн учраас ангийн найздаа очиж үзүүлсэн. Орой нь найз маань утасдаж, мэс засал хийх шаардлагатай гэлээ. Эхлээд итгэхгүй найзыгаа олон олон асуултаар булсан ч байдал өөрчлөгдөхгүй болох нь тодорхой болсон юм. Маргаашнаас нь олон шинжилгээ өгсөөд, эцсийн хариу гарах үед уушигны хорт хавдарын дөрөвдүгээр шатанд хүрчээ гэдгээ мэдсэн юм. Хавдар аль хэдий нь тархи, нуруу, элэг рүү тархсан байлаа. Ганцхан хоногийн өмнө би бүх зүйлийг хяналтандаа байлгаж, амжилтынхаа оргил дээр гарсан нэгэн байсан бол ганцхан хоромд мөн бүх зүйлээ алдсан юм. Томографийн зурган дээрх энэ олон толбо бол бүгд хавдар. Миний уушгинд энэ толбо хэдэн мянгаараа байгаа учраас химийн эмчилгээ хийлгэсэн ч 3-4 сарын настай гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа би. Тэнгэр нурах шиг л болсон гэдгийг та бүхнээс нуугаад яахав. Надад бүх зүйл байгаа хэдий ч би маш их хямарч байсан. Инээдтэй ч юм шиг. Энэ олон амжилт, эд баялаг надад аз жаргал авчирсан уу гэдэг асуулт миний толгойноос гарахгүй болсон. Феррари болон бусад маш олон худалдаж авсан үнэтэй зүйлс маань миний сэтгэлийг ганцхан хором ч тайтгаруулж чадаагүй. Олон хүмүүстэй харьцах, хайртай гэр бүл, найз нөхөд минь л амьдралд минь аз жаргал авчирч байсан юм байна гэдгийг одоо л ухаарч байна. Шинэ жилээр гялгар машин хөлөглөн гэр бүл, хамаатан, найз нөхдөөрөө зочилж машинаа гайхуулж явдаг байлаа. Тэдний асуудлыг үл ойшоож байсан тэнэглэл минь атаархал, үзэн ядалт авчирдаг байсныг сүүлд л ухаарч сууна. Миний тэнэглэлээс болж зовлонг минь хуваалцах хүн дэндүү цөөхөн болжээ.
Та бүхэнд түүх ярьж өгье. Та нар шиг Их сургуульд байхдаа Жиннивер гэдэг найзтай байлаа, одоо ч найз хэвээрээ байгаа. Тэр замд тааралдсан хорхой шавьжийг хүмүүсийн хөлөөс холдуулж тавьдаг байлаа. Би үргэлж л "чи сэжиглэхгүй байна уу? наадах чинь зүгээр л нэг шавьж шүү дээ" гэдэг байсан. Харин Жиннивер өөрөөсөө илүү хүчтэй зүйлд бяц даруулах мэдрэмжийг хэнээс ч илүү ойлгодог байжээ. Зарим хүмүүс хүчтэй нь хүчгүйгээ гэсэн онолыг ярьдаг боловч бяц гишгүүлэх тэр мэдрэмж чам дээр ирэх тэр үед Жиннивер хажууд байсан ч болоосой гэж залбирах үе бий.... инээдтэй биш гэж үү?
Оюутан, дадлагын ажилтан байх үед ч гэсэн өвчин, зовлон, үхэлтэй тулсан хүмүүстэй өдөр бүхэн уулздаг байсан гэхэд болно. Хорт хавдартай хүмүүс, морфинд донтож хэсэгхэн зуурч гэсэн өвчнөөсөө салах гэсэн хүмүүсийг би бишгүй л харж байсан. Тэдний зовлон өвдөлт жинхэнэ байсан уу гэж асуувал би тэр үед ҮГҮЙ гэж хариулах байсан байх. Учир нь өвдөлт, өвчин шаналал бүр өөр өөр шинжлэх ухааны нэртэй, ямар шинж тэмдэгээр илэрдэг гэдгийг ч би мэднэ. Харин тэдний жинхэнэ бодит шаналалыг би өвчтөн болсныхоо дараа л мэдэрч авсан юм. Хэрвээ энэ туршлага, мэдрэмжийг мэдэрсний дараа амьдралыг шинээр эхэл гэвэл би тэс ондоо эмч болно.
Би үргэлж илүү ихийг хүсч, хэзээ ч дуусахгүй шуналыг минь зөвхөн мөнгө л тайвшруулж байсан. Би өвчтөнүүдээ зөвхөн мөнгө л гэж харж тэднээс аль болох их мөнгө салгахыг л хүсдэг байлаа. Би ч гэлтгүй ихэнх эмч яах гэж эмч болсон хэнд үйлчлэх ёстой гэх мэт өргөсөн тангаргаа умартсан юм шиг санагдаж байна.
Захих эхний зүйл: өөрийн ёс зүй, ажилдаа хандах хандлагаа хэзээ ч битгий өөрчлөөрэй. Бидний энэ салбарт нэгнээ муулах, мэргэжил нэгтнээ доош нь хийх явдал их газар авсан. Энэ бүхэн эцсийн эцэст зөвхөн мөнгөний төлөө юм шүү гэдгийг санаж яваарай.
Хоёр дахь зүйл: захих гэхээсээ илүү зөвлөгөө юм шүү. Бид өдөр шөнөгүй өвчтөнтэй уулзаж нойр хоолгүй ажил дээрээ байх хугацаандаа ажлаасаа уйдаж эхэлдэг. Би ч гэсэн эмч болох анхан шатандаа өдөр шөнөгүй олон өвчтөний түүхийг хурдан дуусгах гэж яарч, хязгааргүй мэт үргэлжлэх дугаарласан хүмүүсээс залхаж хурдхан өрөөнөөс минь гараасай гэж залибардаг байлаа.
Тэдний бидэнд хэлэх өвчин зовлон шаналалыг эмч бид нар үнэндээ сэтгэл зүрхнээсээ мэдэрч чаддаггүй. Энэ нь таны буруу гэхээсээ илүү эрүүл мэндийн системийн буруу юм. Бид хүмүүсийг эмчлэгч болон төгсдөг ч өвчтөнөө яг ямар мэдрэмж авч байгааг мэдэлгүй төгсдөг. Энэ бол бодит бус харилцаа юм. Тиймээс та бүхнийг илүү сэтгэлээрээ өвчтөнтэйгээ холбоотой байгаасай гэж хүсч байна.
Учир нь та өвдөж байх үед ядрах, толгой өвдөх зэрэг өвдөлтүүд танд хол байгаа мэт боловч тэр хүнд маш бодит байдаг юм шүү. Одоогоор би тав дахь химийн эмчилгээгээ хийлгэчээд энд сууж байна. Энэ өвдөлт жинхэнэ там л гэсэн үг. Химийн эмчилгээг та өөрийн хамгийн их үзэн яддаг дайсандаа ч хүсэх зүйл биш. Зогсоо зайгүй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, идсэн хоолоо шингээж чадах эсэхээ ч мэдэхгүй байх хамгийн аймшигтай мэдрэмж. Хэдий оройтсон ч гэсэн надтай адил зовлонтой байгаа олон сая хүнд би аль болох туслахыг хүсч байна.
Залуус та бүхний ирээдүй гэрэлтэй байна. Энэ боломж, эрч хүчийг ашиглан өөрийн чадвар мэдлэгээс илүү ихийг хийж бүтээх ёстой юм шүү.
Зөвхөн ядуу хүн өвддөг гэж бүү эндүүр. Ядуу хүмүүс эхнээсээ л их зүйлтэй байж үзээгүй учраас маш хурдан ханаж цаддаг. Өөрөөр хэлбэл тэд надаас бас танаас илүү аз жаргалтай байгаа шүү.
Эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд зовж шаналсан хүмүүс дэлхий дээр сая саяараа байдаг. Харин бид зүгээр л тэднийг байхгүй мэт аашилж, харах битгий хэл, итгэхийг ч хүсдэггүй. Эцэст нь би дуртай номноосоо та бүхэнд ишлэл хэлж өгье. “Хүн бүхэн өөрийгөө үхнэ гэдгийг мэддэг, үүнийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Үнэндээ бидний хэн ч үүнд итгэхийг хүсдэггүй учраас бүх зүйлийг өөрөөр хийдэг. Үхэлтэй нүүр тулах тэр мөчид л хэрэггүй бүх зүйлээс нүүр буруулж чухал зүйлд анхаарлаа хандуулах болно. Гэвч хамгийн инээдтэй нь бид үхэхээ мэдсэний дараа л хэрхэн амьдрах ёстойгоо мэддэг”.
Хэрхэн яаж амьдрах тухайгаа сайтар бодохыг та бүхнээс хүсч байна. Өөрөө өөртөө зорилго тавьж, бусдад туслаж, хэн нэгний амьдралыг өөрчлөх тухай сайн бодоорой.
Та бүхнийг бурхан ивээг.

08/08/2025

ӨНӨӨГИЙН БОЛОВСРОЛЫН АГУУЛГА ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ЧИГЛЭХЭЭС ГАДНА БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДИЙГ ЭНЭ ТАЛЫН БАЙНГЫН СУРГАЛТАД ХАМРУУЛДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Би өмнө нь цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургуулийн сурагчдад үе үе лекц тавьдаг байсан юм. Нэг асуултыг би сурагчдаас асууж үзлээ. Гурван найзад нэг чихэр оногджээ. Нэг хүүхэд нь чихрээ гурван тэнцүү хуваагаад идсэн, хоёр дах хүүхэд чихрээ бусад найзууддаа өгсөн, гурав дах нь чихрээ ганцаараа идсэн. Аль сонголт нь зөв бэ? гэж асуув.

Цэцэрлэгийн хүүхдүүд бусад найзууддаа өгөх нь зөв, сургуулийн ахлах ангийн хүүхдүүд чихрээ хувааж идэх нь зөв, их дээд сургуулийн оюутнууд ганцхан чихэр юм чинь яах вэ, өөрөө идэх нь зөв гэж хариулсан юм. Эндээс ажиглахад бага хүүхдэд бусдыг чухалчлах бодол илүү хүчтэй, сургуулийн ахлах ангид ороход өөрийгөө болон бусдыг гэсэн бодол тэмцэлдэн хуваагдсан байна. Дээд сургуульд ороход хүүхэд өөрийгөө чухалчилдаг болсон.

Энд манай хүүхэд залуучуудад олгож буй боловсролын дүр төрх харагдаж байна. Олгож буй боловсрол хүүхдийн бурханлаг чанар алдагдахад хүргэжээ. Боловсролын бүх түвшний тогтолцоонд хүүхэд залуучуудыг төлөвшүүлэхэд чиглэсэн агуулга хөтөлбөртэй болж, багш сурган хүмүүжүүлэгчдийг энэ талын тасралтгүй сургалтад хамруулах чиглэлд хандуулбал зүгээр болов уу гэж би боддог. Хураангуйлбал, ганц өөрийгөө энхрийлэн барихын гэмийг энэ мэт олон үүднээс санах хэрэгтэй.
Аливаа зүйлд ганц өөрийгөө энхрийлэн барих бодол өөрийг түрүүлж эзэмддэг. Учир нь энэ бодол бидэнд эрт цагаас ихэд дадсанаас болно. Энэ бодолд эзэмдүүлэхээр бидний олон зүйл сөрөг хандлагатай болдгийг ойлгож мэдэх хэрэгтэй.

Бусдыг энхрийлэн барих, бусдыг чухалчлах гэдэг өөрийгөө бодож буй хамгийн сайн бодол юм. Гудамжинд хог хаях, зохисгүй үйлдэл гаргах нь тухайн хүний хувьд өөрийн дураар амьдарч буй мэт боловч, амьдрах орчноо эргээд дордуулж байна. Энэ нь ганц өөрийгөө бодсоны хор уршиг юм. Эсрэгээр эргэн тойрны хүмүүс эрүүл энх, аз жаргалтай байгаасай гэж хүсэхэд тэд эрүүл энх, аз жаргалтай байвал өөрт эргээд сайн хандана, сайхан харьцана. Харин бусад хүмүүс уурлаж уцаарлаад байвал өөрөө тэдний дэргэд очихоос айна шүү дээ.

Бусад хүн аз жаргалтай, сайн сайхан, эрүүл энх байвал би өөрөө сайхан орчинд амьдрах нь байна. Бусад сайн сайхан байгаасай гэж хандах нь өөрөө сайхан байхын арга мөн үү гэвэл мөн юм. Иймд бусдыг энхрийлэн барих гэдэг өөрийгөө бодож буй сайхан арга болно. Дээр өгүүлсэнчлэн, бусдын төлөө гэсэн сэтгэл үхлийг арилгах рашааны дээд, өвчнийг арилгах эмийн дээд, ядуурал үгүйрлийг арилгах үл барагдах гуу сан гэдэг нь гарцаагүй юм.

Ачит багшийн айлдвараас...2025.06.05

31/07/2025

№2. ГАНЦ ӨӨРИЙГӨӨ ГЭЖ БОДОХЫН ХЭРЭЭР ХҮНИЙ ОЮУНЫ МЭЛМИЙ СОХОРДОГ. ОЮУНЫ МЭЛМИЙ СОХРОХООР ОЛОН ГЭМ ГАРАХ, ОЛОН БОЛОМЖОО АЛДДАГ

Өөрийгөө бусадтай тэгш солихын тулд ганц өөрийгөө энхрийлэн барихаар ямар хор уршиг, таагүй бүхэн гардгийг олон талаас нь бодохын хэрээр би өөрийгөө түрүүнд нь эрхэмлэх нь буруу гэдэг рүү оюун санаа явдаг.

Шантидэва гэгээн бээр Бодьсадвын явдалд орохуй номдоо:
Бурхан багш эрт цагт бидэнтэй адил уурлавал уурладаг, баярлавал баярладаг байжээ. Бурхан багш бусдын сайн сайхны төлөө чухалчилж гэж явснаар Бурхан болсон. Гэтэл би ганц өөрийн сайн сайхны төлөө гэж чухалчилж явснаар өнөөдөр орчлонгийн шавар балчигт шигдсэн байна. Ганц өөрийгөө гэж чухалчилсны үр дагавар нь би өөрөө юм гэж айлдсан байна.
Ганц өөрийгөө энхрийлэн барих гэдэг хүнээр заалгадаг зүйл биш. Эрт цагаас бид өөрсдийгөө энхрийлэн барихад дадсан тул нэг мэдэхэд энэ бодол өөрийг эзэмддэг. Нэг асуудал үүсэхэд л өөрийгөө зөвтгөсөн бодол өөрийн эрхгүй төрдөг шүү дээ. Энэ нь ганц өөрийгөө энхрийлэн барьж буйн илрэл юм. Ганц өөрийгөө энхрийлэн барихын хэрээр:

1. Хүний оюуны мэлмий сохрох
2. Оюуны мэлмий сохрохоор дараа дараагийн зөв гарц, шийдлийг олж харж чадахгүй болох
3. Өөрийн нэр хүнд муудах
4. Сэтгэл нь тавтгүйтэх
5. Цаашлаад бие өвдөхөд эдгэхгүй, улам өвдөх
6. Урт наслахгүй, үхлийн эзэн үл дарагдах

Ийнхүү гэмийг олон талаас бодоод ирэхээр ганц өөрийгөө энхрийлэн барих бодол өөрт аюул учруулдаг гэдгийг таньж авдаг.

🌼Та бүхэн дээрхтэй санал нийлэх үү?

Эхэндээ санал нийлэхэд хэцүү байх болов уу. Хүн өөрийгөө л гэхгүй, өөр хэнийг гэх вэ гэж бодогдоно. Дөнгөж дээдийн номыг сонсож эхэлж буй хүмүүст энэ талаар шууд ярьвал үгүйсгэж ч мэднэ. Та бүхэн дээдийн номыг бүтэн нэг жил сонсож суралцсан, ганц өөрийгөө энхрийлэн барих бодол гэмтэй гэдгийг шууд үгүйсгэхгүй л байх…. Гэхдээ энэ бодол хэр үнэн болохыг өөрсдөө бодож үзэх хэрэгтэй.

Та бүхэнд даалгавар өгье. Ирэх намар хүртэл үзсэн номоосоо үхэл мөнх бус, энэрэх сэтгэл, бодь сэтгэлийг ямар үед бодох хэрэгтэйг амьдралд өдөр тутам асуудал тулгарах үедээ бодоод үзээрэй. Сонссон номоо амьдралтайгаа холбож бодохын хэрээр ойлгоно. Яриад ойлгох гэдэг нэг хэрэг, цааш нь өөрөө бодож ажигласнаар илүү ойлгоно. Өөрөөр хэлбэл, амьдрал та бүхэнд үүнийг ойлгуулна.

Амьдралд болсон нэг жишээ хэлье. Нэг айлын эцэг эх 18/19 настай охиноо маш их цагддаг байжээ. Охинд нь энэ байдал хэцүү санагддаг. Тэр найз нартайгаа хамт ярьж суухдаа ялангуяа эцгээ ихэд шүүмжилнэ. Цагийн эрхээр түүний эцэг мөнх бусыг үзүүлж, охин ч амьдралд хөл тавьж бие даах болсон. Охины амьдрал дэгэн догонтой. Тэр охин нэгэн өдөр найзуудтай ярьж суугаад над руу хэн нэгэн яг одоо утсаар залган, чи ингэ/тэг гэж хэлдэггүй юм байхдаа гэж боджээ. Утсаар залгаж өөрт нь санаа тавьдаг хүн нь үгүй болсон байдаг. Аав маань надад санаа тавьж ярихад нь би их төвөгшөөдөг байж.., хэлж өгдөг хүнтэй байх сайхан юм гэж дурсан ярихдаа охин уйлжээ. Энэ юуны жишээнд авч үзсэн бэ гэвэл хүн ганц өөрийгөө бодоод байх үед олон зүйлийг олж харахгүй болдог. Эцэг эх ямар их үнэ цэнтэй, хэлж буй үг нь үнэн, зөв гэдгийг олж хардаггүй. Өөрөө амьдрал зохион, үр хүүхэдтэй болох цагт бусдын төлөө амьдрах болж байна шүү дээ.

Үр хүүхэд, гэр бүл, байгууллага хамт олонд үүрэг хүлээх үед өөрийгөө нэгд тавих уу, бусдыг уу гэсэн сонголт өөрт тулгараад ирэхэд өөрийгөө нэгд тавьсан нь алддаг, бусдыг нэгд тавьсан нь зөвддөг амьдралд нотлогдоод ирэхэд хүн одоо л ойлгодог. Ойлгох үед цаг хугацаа, олон зүйл болж өнгөрсөн, эргээд буцаах аргагүй болсон байна. Амьдралд болж буй олон зүйлийг урьдчилан харж чадахгүй, буруу зүйл үйлдчихээд өнгөрсний нь дараа ойлгоход хайран санагддаг биз дээ! Охин эцгийгээ өнгөрсний дараа, өөрийн нас явсны дараа ойлгоод харамсаж уйлна гэдэг өөрөө биеэр туулж үзээд ойлгосон. Хожим ойлгосон боловч, энэ зөв сонголт биш юм. Иймд Бурханы номд айлдсан сургаалын агуулга өөрөө заавал биеэр туулж ойлгож ухаарах гэдэгт бус, бусдад тохиолдож буй асуудлыг харж ойлгоход оршино. Энэ бол номыг сонсоод ойлгож буй жишээ болно. Иймд хүн сэтгэлээ бодь сэтгэлийн зүгт хандуулбал ямар байх вэ? Ганц өөрийгөө гэж боддог хүн ямар байна вэ? гэж ажиглаж ойлгох хэрэгтэй.

Бурхан багшийн таалал, ерөөлийн ачаар бид энэ номыг одоо сонсож, бусдыг чухалчлах хэрэгтэйг ярьж, бодож байна. Бурхан багш олон бурхадаас ч илүү ачтай юм.

Ачит багшийн Бодь мөрийн зэргийн айлдвараас...🙏🙏🙏

23/04/2025

Амьдарна гэдэг ахиад уулзахгүйгээр хагацахыг хэлнэ. Аавыгаа санахыг хэлнэ. Ээжгүйгээр, хүмүүсийн ээж нь болж аж тѳрѳхийг хэлнэ. Амьдарна гэдэг муу муухай, худал хуурмагийн ѳмнѳ хэлэх ч үггүй ээрч зогсохыг хэлнэ. Нулимстай инээхийг хэлнэ. Амьдарна гэдэг хүмүүсийн үгэн салхинд хийсэхгүй үлдэхийг хэлнэ. Хүн чанар, сайхан сэтгэлээс хэзээд нүүр буруулахгүй байхыг хэлнэ. Амьдарна гэдэг алдаа оноо, гэм зэм, магтаал зэмлэлийг ав адилхан хүртэхийг хэлнэ. Амьдарна гэдэг туулсан зам мѳр, давж гарсан саад бэрхшээл, нѳр их хѳдѳлмѳр сүүлдээ эелдэг зан, нинжин сэтгэл болж хувирахыг хэлнэ. Амьдарна гэдэг тоост энэ хорвоог толгой гудайлгүй туулахыг хэлнэ.

22/04/2025

НИСВАНИС МУУ СЭТГЭЛИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ МЭДЭХ ВЭ?
(Ачит багшийн айлдсан Дунд төрөлхтний нийтийн мөрийн зэргийн айлдвараас..)

Амьтан зовохыг харахаар хүнд энэрэхүй сэтгэл төрж, өрөвдөж уйлдаг. Амьтныг энэрэхэд өөрийн сэтгэлийн амгалан байдал алдагдах хэдий ч, үргэлж зөв үйлдэл хийлгэнэ. Энэрэх сэтгэл хүнийг зөв үйлдэл хийлгэдэг тул сэтгэлийн тунгалаг байдлыг алдуулахгүй. Гэтэл уурын нисванис төрөхөд сэтгэлийн амгалан байдал алдагдах нь адил боловч, хүнийг буруу үйлдэл хийлгэдэг. Нисванисийг ингэж ялгана. Таны сэтгэлд тавгүй мэдрэмж төрж байвал нисванисаар эзлүүлжээ. Нисванисийг таньж мэдэх нь чухал юм.

Нисванис муу сэтгэл “төрөх гэж байхад” төрөх нь гэж мэдэх, нисванис “төрөх үед” төрж байна гэж мэдэх, нисванис нэгэнт төрвөл зогсоох аргыг мэдвэл нисванисийг тодорхой түвшинд таньж мэдсэн хүн гэж үзнэ. Зарим хүн урьдын дадлаар үйлдчихсэний дараа уурласнаас болж буруу юм хийчихлээ, дахиж ингэхгүй юмсан гэж нисванисаа таньж барьдаг. Бид нисванист их дадсан тул ийм хурдан төрдөг.

Сэтгэл тавгүйтэхэд өөрт нисванис төрлөө гэж ойлговол асуудлын шалтгааныг гаднаас хайхгүй болно. Олон хүн цугласан газар хэн нэгэн ширүүн үгээр дуугарахад сэтгэл тавгүйтэх, уурлаж бухимдах, зүрх дэлсэх нь өөрөөс хамаарч гардаг. Бусад хүн надтай адил уурлаж бухимдаж, зүрх нь дэлсэж байна уу гэвэл ҮГҮЙ юм. Зарим нь энэрэх сэтгэл төрүүлэх, гайхаад өнгөрөх гээд янз бүрээр ханддаг. Ширүүн үг хэлсэн хүнд уурлаж бухимдах гэдэг өөрөөс хамаарч байна. Сэтгэлийг тавгүйтүүлэх зарим нөхцөлийг ширүүн үг хэлсэн хүн бүрдүүлсэн боловч гол 51-ээс дээш хувийн нөхцөлийг хүлээн авсан өөрөө бүрдүүлсэн. Энэ асуудалд өөрөө нисванис төрүүлэх хэмжээнд хүлээж авсан гэсэн үг юм.

Асуудал бэрхшээл үүсэхэд нисванис төрүүлэхгүй хүлээн авах хэцүү, нисванисийг таньж мэдэх хэцүү, таньж мэдлээ гэхэд болиулах хэцүү, нисванисийн ерөндгийг дадуулж, тэмцэхэд хэцүү, урт хугацаа орно. Лам хувраг бид дээдийн номыг олон жил үзэж судалж, дадуулах хэрэгтэй болдог нь ийм учиртай юм. Энгийн хүн өдөр тутмын ажил амьдралаа орхилгүй авч явахын зэрэгцээ нисванистай тэмцэх аргад хичээх хэрэгтэй. Ажил амьдралаа болгоод ном хийнэ, тодорхой хугацаанд ном хийгээд ажил амьдралаа болгоно гэвэл өөрийгөө хуурч буйтай адил болно. Нисванисийг дарахад хугацаа их эсвэл бага орох гэдэг өөрийн үнэнч шударга байдал, юмсыг ажиглан шинжлэх чадвар, нисванистай хэр тэмцэж буйгаас хамаарна.

Нэг мэдэхэд л худал ярьчихдаг хүн байдаг. Худал ярих бодол ийм хурдан төрж байна. Нисванис ийм хурдан төрж байвал дарж арилгахад их хугацаа хэрэгтэй. Худал хэлэх үедээ би буруу зүйл хийчихлээ дээ гэж таньж мэдэж байвал нисванистай тэмцэхэд арай бага хугацаа орно.

Сэтгэлийн амгалан байдал алдагдвал бусдаас бурууг хайх бус, өөрийн сэтгэлийн нисванистай л тэмцэх хэрэгтэй. Гэхдээ бусдын зохисгүй үйлдэлд дуугүй суу гэсэн үг биш. Зохисгүй үйлдлийг зогсоох, номд оруулах зэргээр арга хэмжээ авч болно. Бурхан багш амарлиулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу гэсэн дөрвөн үйлийг зохиож айлдсан. Хүний нисванис арвидаад байж болохгүй. Эцэг эх үр хүүхдээ уурлачихвий, муухай аашилчихна гээд аргалсхийгээд тэсээд явбал тэдний нисванис арвидаж, улам хүчирхэгжинэ. Нөгөө талаар эцэг эх үр хүүхэдтэйгээ тэмцэлдээд байвал аль алины нисванис арвидаж, хүчирхэгжинэ. Ийм тохиолдолд хэрхэн үйлдвэл зохистой вэ?

Эцэг эх хариу үйлдэл үзүүлэхээс өмнө энэрэхүй сэтгэл төрүүлж, бясалгах хэрэгтэй. Хүүхдэд нь ямар үг, үйлдэл тохирохыг сайтар бод. Энэрэхүй сэтгэлээр хүүхэдтэйгээ харилцах харьцаандаа буулт хийж болно. Гэхдээ байр сууриа алдаж болохгүй. Хамгийн зөв арга нь харилцааны сэдвээ өөрчлөх. Энэ нь уурын сэтгэлийн орон зайг өөр бодлоор эзлүүлнэ гэсэн үг. Энэрэх сэтгэлээр аливаад хандахад цаад хүндээ зөвийг бодогдуулдаг. Эсрэгээр үр хүүхдэдээ тулж тэмцэлдвэл уурын орон зай арилахгүй, улам хүчтэй хатуу болно.

Зохисгүй үйлдэл гаргасан гэж хүүхэдтэйгээ үг дуугарахгүй болох бус, энэрэхүй сэтгэлээр харьцаандаа бага зэрэг буулт хийнэ. Буулт хийх үед хүүхдийн сэтгэл тайтгарч эхэлнэ. Тайтгарах үед сэдвийг өөрчилнө. Энэ үед хүүхдийн бухимдал уур уцаар суларч, уурын орон зай өөр сэдвээр эзлэгдэн, барьц алдана. Гэхдээ энэ аргад мэргэн байх хэрэгтэй. Сэтгэл нь тайтгарч амгалан болох үед өөрөө алгуур чангарч, зөвийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Энэ бол зөөлөн хатуугаа иднэ гэдэгтэй адил юм.

Ачит багшийн айлдвараас...2023.05.25

20/04/2025

Далай багшийн айлдвараас: Миний гол дадал зуршлуудын нэг бол бусдыг энэрэх үзлийг хөгжүүлэх явдал юм.

Энэ бол миний өглөө бүр сэрсэн даруйдаа боддог бодол.

Тиймээс би эцсийн амьсгалаа авах хүртлээ бусад хүмүүст сэтгэлийн амар амгаланг олоход нь туслахыг хичээх болно...

Address

Баянзүрх дүүрэг офицеруудын ордноос хойшоо өгсөөд замынхаа зүүн талд 2 давхар 42-р байр
Ulan Bator
13321

Alerts

Be the first to know and let us send you an email when Төгсун эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Төгсун эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category